Б.Лхагвасүрэн: Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарах нөхцөлийг ХАНГАЛАА
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жагсаалтаас гарах ажлын хэсгийн хэвлэлийн бага хурлыг хийлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Тавдугаар сарын 4-ний өглөө Монгол Улсын засгийн газар, Монголбанк, СЗХ, Монгол Улсын шүүх, прокурор хууль хяналтын байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг Монгол Улсаа Саарал жагсаалтаас гаргах чиглэлээр хоёр удаа тайланг ФАТФ-д тавьсныг та бүхэн мэднэ.
Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газраас тайлангийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд асуудалтай буюу үүрэг өгөгдсөн байсан зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэдгийг бичсэн байна.
Ийнхүү биднийг саарал жагсаалтад оруулсан байсан зургаан нөхцөл байдлыг бүгдийг нь арилгаж чадсан гэдэг сайн мэдээг хүргэж байна. Даалгавраа амжилттай биелүүлэхэд бүгд хамтран ажиллаж чадлаа." гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ФАТФ-ын өгсөн зургаан даалгаврыг биелүүлснээр Монгол Улс ФАТФ-ын дараагийн албан ёсны хурлаар саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа гэж ойлгож болно. Төрийн байгууллагууд баг болж, хамтран ажилласны үр дүн гарлаа гэж харж байна. COVID-19-тэй холбоотойгоор Саарал жагсаалтаас хасах хурал тодорхойгүй байна" гэв.