ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 99 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ
Олон улсын валютын сангийн хөтөлбөр 2017 оны тавдугаар сараас 2020 оны тавдугаар сарыг дуустал гурван жилийн хугацаанд хэрэгжээд дуусаж байна.
Харин цар тахлын энэ үед Олон улсын валютын сангаас гишүүн улс орнууддаа үзүүлж буй санхүүжилтийн хэрэгслийг ашиглан хөтөлбөрийг өөрчлөх шийдэлд хүрсэн талаар Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнөөдөр мэдээллээ.
Ингэснээр ирэх сараас манай улсад Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм.
Энэ талаар тэрбээр "ОУВС-гийн захирлуудын хурал зургаадугаар сард болох үеэр энэ асуудлыг хэлэлцэнэ. Хурлын шийдвэр гармагц 99 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ. Өмнөх хөтөлбөрөөс ялгаатай нь тухайн улс орны бодлого боловсруулагчидтай макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, учирсан хүндрэлийг даван туулахад хөтөлбөрийн хүрээнд харилцан ажилладаг" гэлээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүн сайн байсан хэмээн тэрбээр мөн онцолсон.
Монголбанкны Нийтийн удирдлага, санхүүгийн зохицуулалтын газрын захирал А.Энхжин "2020 оны тавдугаар сараас эхлэн Монголбанкнаас 25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад хуваарилсан. Арилжааны банкууд энэхүү мөнгийг тэнцүү хэмжээгээр 8 хувийн ипотекийн зээлд олгоно. Энэ ондоо сар бүр 20-25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудад олгохоор болсон.
Монголбанкнаас олгож байгаа санхүүжилт дээр тавигдаж байгаа нэг шаардлага нь энэхүү санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид олгохыг үүрэг болгосон." гэв.
ШУУД ҮЗЭХ: