“Энэ ондоо Саарал жагсаалтаас гарчихвал ЕХ-ны Хар жагсаалтад Монгол Улс орохгүй байх боломжтой“
УИХ-ын ээлжит чуулганаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Саарал жагсаалт болон Европын холбооны Хар жагсаалтын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Монгол Улс 2019 оны аравдугаар сард Саарал жагсаалтад бүртгэгдсэн. Зургаан үндсэн асуудал байсан. Үүнээс гурвыг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Бээжинд болсон хурлаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн.
2020 онд коронавирусийн халдвартай холбоотой уулзалтууд цуцлагдаж байгаа ч тавдугаар сарын 11-нд Монгол Улсын ажлын хэсэг Олон улсын хамтын ажиллагааны багтай онлайн хурлаа хийнэ. Энэ хурлаар тайлангаа хамгаалаад гарвал Саарал жагсаалтаас гарах боломжтой.
Хар жагсаалтын тухайд Европын холбоо ФАТФ-ын Саарал болон Хар жагсаалтад багтсан орнуудыг Хар жагсаалтдаа бүртгэх журам гаргаад хэрэгжиж эхлээгүй байна. Хэрэв энэ журам хэрэгжээд эхэлбэл манай улс Хар жагсаалтад орох эрсдэл байгаа.
Энэ талаар Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд Европын холбоонд асуудлаа тавьсан.
Монгол Улс энэ ондоо багтаад Саарал жагсаалтаас гарчихвал Европын холбооны Хар жагсаалтад орохгүй байх боломжтой" гэлээ.