МОНГОЛБАНК: Ипотекийн зээлээ хойшлуулсан хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй
COVID-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээл авсан иргэдийн зээл төлөх хугацааг 3 хүртэлх сараар хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэр хэрхэн хэрэгжих талаар Монголбанкнаас тодрууллаа.
-Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ?
-Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана.
-Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу?
-Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 3 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна.
-Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?
-Зээлийн төлбөрт нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна.
-Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ?
-Зээлдэгч зөвхөн нэг удаа 3 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно.
-Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт материал, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкандаа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай.
-Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтыг мөрдүүлэх үү?
-Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.
-Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?
-Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг 3 сар хойшлуулсны дараа 4 дэх сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.
-Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү. Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?
-Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 3 сараар сунгагдаж, 2030 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусна.
-Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?
-МИК ОССК ХХК-иас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харилцагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.
-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?
-Монголбанкаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д холбогдох өөрчлөлтийг оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.









