Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэсэн 20000 дэвсгэртээр төлбөр, тооцоо хийхгүй
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болсон. 2006 оны энэхүү дэвсгэрт нь хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байгаа аж.
Тиймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулах юм байна.
Монголбанк 50 болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаж эхэллээ. Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлогтой юм.