“ХААН БАНК”-нд оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг 3 шатны шүүх хэвээр үлдээжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу “Хаан банк” ХХК-д хяналт шалгалт хийлээ.
“Хаан банк” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг сар бүр 5000 төгрөг авах шийдвэрийг гаргасан байна.
“Хаан банк” ХХК-ийн зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэй гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй болохыг анхааруулсан мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгахад “Хаан банк” ХХК-ийн дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “…зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах,..”, 7.1.5.”… үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”, 7.1.11-т “бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих;”-ыг хориглоно, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж зах зээл дэх өөрийн давамгай байдлаа буруугаар ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль оногдуулсан.
“Хаан банк” ХХК-иас “ШӨХТГ-ын улсын ахлах байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасны дагуу Захиргааны хэргийн гурван шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Ингэснээр “Хаан банк” ХХК Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг сар бүр 5000 төгрөг авах шийдвэр Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдлоо.
“Хаан банк” ХХК-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны компани болон ломбардад нээх төгрөгийн харилцах дансны доод үлдэгдэл 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж /сарын/ 5000 төгрөгийн нөхцөлтэй шийдвэрээ цуцалж, зөрчлөө хүлээн 0зөвшөөрч аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээ хуучин хэлбэрээр нь байгуулсан.
Цаашид давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа буруугаар ашиглаж зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
|