Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээл бус тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүйгээр олгох нь зөв
УИХ тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасантай холбоотойгоор арилжааны банкууд тэтгэврийн зээлийн үйлчилгээгээ зогсоосон.
Цаашдаа энэ зээлийг олгох ёстой эсэхээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Зургаан сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсан. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байгаа.
“Эрдэнэс Монгол” компаниас гаргах бондыг зээл болгохтой холбоотой тооцоо судалгааг хийж байгаа. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай энэ бондын ашиг, алдагдлын зөрүү гарах бол яаж явах уу гэдгийг судалсан. Бонд гараад банкны бланс дээр байгаа тэтгэврийн зээлээр солигдохоор болж байна.
Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуульд зургаан сар хүртэл тэтгэврийн зээл олгоно гэж заасан. Цаашид тэтгэврийн зээлийг банкны нэг бүтээгдэхүүн байлгах уу үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой. Монголбанкны зүгээс зээл гэдгээр биш тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа. " гэв.