Б.Баярдаваа: ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр ОЛОН УЛСЫН ӨР төлбөрөө бууруулж чадсан
Монголбанкнаас эдийн засаг, банк санхүүтэй холбоотой статистик мэдээллийг танилцуулах хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өндөр өсөлт хадгалагдаж байна. Хөрөнгө оруулалтын өсөлт өнгөрсөн онд 20-30 хувиар өссөн. 2020 онд хөрөнгө оруулалт 10 хувиар буурч ирнэ хэмээн тус банкнаас мэдээллээ.
Монгол Улсын эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн 2020 оны төлөв байдлын талаар Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан шийдэгдсэн учраас дэлхийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Коронавирусийн дэгдэлт гарахаас өмнө эдийн засгийн нөхцөл байдлуудыг харахад худалдаа болон аж үйлдвэрийн индексүүд дээр эерэг өөрчлөлт гарсан байна. Үүнээс гадна дэлхийн эдийн засагт цаашид уналт ажиглагдахгүй. Нэг ёсондоо ёроолдоо ирж байна гэх дүгнэлтийг 2020 оны эхэнд олон улсын эдийн засагчид ярьж эхэлсэн.
Олон улсын валютын сангийн /ОУВС/ хөтөлбөр 2020 оны тавдугаар сард дуусна. Тэгэхээр хэлэлцээрүүд цааш үргэлжлээд явна гэсэн үг.
ОУВС-ийн хөтөлбөр үр дүнтэй байсан. Хөтөлбөр анх эхэлж байхад Монгол Улсын эдийн засагт үүсээд байсан гадаад болон дотоод хүндрэлтэй байдлууд харьцангуй шийдэгдсэн гэж харж байна.
Ер нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр манай улс олон улсын өр төлбөрөө бууруулж чадсан үр дүнтэй арга хэмжээ болсон хэмээн дүгнэж байгаа.
Ам.доллар, юаны ханш суларч байгаа бөгөөд дунд хугацаандаа ханш тогтвортой байна. Цаашид ханш савласан тохиолдолд Монгол банкны зүгээс тогтворжуулах арга хэмжээ авах нөөц байгаа." гэв.
"2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөр зогссон"
Ипотекийн хөтөлбөрийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "ОУВС-тай тохирсны дагуу, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөр зогссон.
Ипотекийн зээлд 2018 онд Монголбанк, Засгийн газрын эх үүсвэрээр 310 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байсан бол 2019 онд эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүжилт 80 орчим хувиар өсч, 563 тэрбум төгрөг болсон.
2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ипотекийн санхүүжилтийн тогтолцоог цаашид тогтвортой үргэлжлүүлэх, үндэсний хөтөлбөрийг Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч батална гэсэн тодорхой заалт орсон. Тиймээс Монголбанкны зүгээс ипотекийн санхүүжилтийг илүү оновчтой болгох, зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран төсөл, төлөвлөгөө боловсруулан зохицуулалтын шинжтэй арга хэмжээгээ үргэлжлүүлнэ" гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|