М.БАТМӨНХ: Иргэд залилуулснаа мэдэхгүй хугацаа алдах нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг
Монгол банк, Монголын банкны холбоо, Мөрдөн байцаах албанаас Залилах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн ГХУС чиглэлээр зохион байгуулж буй "Ятгах тусам нягтал" аяны талаар мэдээлэл хийж байна.
ЦЕГ-ын МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх:
"ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба нь Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран залилагчдад боломж бүү олго гэсэн уриатайгаар "Ятгах тусам нягтал" аяныг эхлүүлээд байна. Цагдаагийн байгууллагад ирсэн статиксти мэдээллээс харахад залилах төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд огцом өссөн гэсэн үзүүлэлттэй байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт нь сүүлийн гурван жилийн байдлаар 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 болж өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнхи хувийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх арилжих, барьцаалах нэрийн дор зээлийн гэрээ байгуулж залилах, гадаад улсад зорчих, виз гаргаж өгөх, иргэдийн фэйсбүүк, имэйл хаягруу хууль бусаар нэвтэрч найз нөхөд, ойр дотны хүнээс нь мөнгөн тусламж хүсэх, хуурамч баримт бичиг ашиглаж бусдын хөрөнгийг өөрийн болгох гэх мэт хэргүүд давамгайлан үйлдэгдэж байна. Иргэдийн залилах гэмт хэргийн талаар үндсэн мэдээлэл дутмаг байдаг нь энэ төрлийн хэргийн хохирогч болж байна. Мөн зарим иргэд богино хугацаанд их мөнгөтэй болох, эсвэл хурдан хугацаанд гадаад гарч амьдрах хэт хөөрсөн үзлээсээ болоод энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна. Энэ төрлийн мэдээллийг хүргэх, иргэдийн хандлагыг өөрчлөх зорилгоор тус аяныг зохион байгуулж байна. Иргэд залилуулснаа тэр дороо мэддэггүй хугацаа алдах нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг. Иргэн аливаа мэдээллийг сайн нягталж байж хууртагдахгүй байх боломжтой.
Түүнээс гадна иргэдийн дунд амьд бус харилцаа хэвшмэл болжээ. Тухайлбал, төрсөн дүү нь цахим сүлжээгээр "Яаралтай мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч" гэхэд нь өөртэй нь утсаар ч ярилгүй шууд мөнгө шилжүүлж, залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.
Энэ жишээ бидний дунд сошиал орчны соёлтой хэрэглээ тогтоогүй, амьд харилцаа дутмаг байгааг харуулж байна. Мэдээллийг нягталснаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх боломжтой
Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг:
Монголбанкнаас санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс уг аяныг хамтран зохион байгуулж байна. Залилах төрлийн гэмт хэргийн улмаас санхүү, эдийн засгийн хувьд хохирч байдаг. Тиймээс санхүүгийн байгууллагууд энэ тал дээр хамтран ажиллаж иргэдийн санхүүгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тус аянд оролцож байна. Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хийж байгаа бөгөөл нэг хэсэг нь тус аян юм. Монголбанкнаас санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулаад явж байна. Төлбөрийн системийн тухай хууль 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор төлбөрийн картуудын нууцлалыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах технологид шилжүүлэх ажлыг хийж байна.
Монголбанкны ТТГ-ын Бодлого зохицуулалтын үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан:
“Цахим мөнгө бол зуун хувь төгрөгөөр баталгаажсан албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм.
Харин биткойн зэрэг крипто валют нь 100 хувь төлбөрөөр баталгаажсан гэх шаардлагыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, ханш нь хэлбэлзэж байдаг учраас цахим мөнгө гэсэн тодорхойлолтод ордоггүй. Крипто валют нь өндөр эрсдэлтэй учраас болгоомжтой ашиглахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулдаг.
Хэрэв крипто валютыг ашиглаж байгаад залилуулсан тохиолдолд буцаан олж авахад маш хүндрэлтэй” гэж анхаарууллаа.
ШУУД ҮЗЭХ: