Монголбанкны 2019 оны ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

2019 оны 12 сарын 31

Arslan.mn

Монголбанк Засгийн газартай хамтран “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр инфляци зорилтот 8 хувь орчимд тогтворжиж, эдийн засгийн өсөлт хувиас өндөр өсөлттэй байна.

Инфляцийн зорилтыг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжив

Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, сэргэлтийг эрчимжүүлэхэд чиглэж ирэв. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд өрхийн өр, орлогын харьцааг тэтгэврийн зээлд 70 хувь, тэтгэврээс бусад хэрэглээний зээлд 60%-д тогтоон мөрдүүлэх, хугацааг 30 сараас хэтрэхгүй байлгах, ААН-ийн валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрүүдийг хэрэгжүүлснээр  бизнесийн зээл нэмэгдэж, зээлийн долларжилт буурав. 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 34.9 хувиар өсч, 2017 оноос хойш эрсдэл хуримтлагдаж байсан бол 2019 оны аравдугаар сард 12.5 хувьд суларлаа.  Нөгөө талаас бизнесийн зээлийн өсөлт 7 улирал дараалан тэлж, 2019 оны зээлийн өсөлтийн 82 хувийг хувийн хэвшлийн зээл бүрдүүлж байна.

Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж байна

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж, хөгжүүлэхэд чиглэсэн “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг санаачлан банкны чанаргүй зээлийг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох,  харилцагч хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх агуулгаар хэд хэдэн хууль тогтоомжийн төслийн саналыг боловсруулж хууль санаачлагчид уламжилан, Улсын Их Хурлаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байна. Мөн “Чанаргүй зээлийг бууруулах стратеги”, “Зээлийн хүүг  бууруулах стратеги”-ийн баримт бичигт туссан зээл, төлбөрийн үүрэг гүйцэтгэл, маргаан хянан шийдвэрлэх, эд хөрөнгийн эрх улсын бүртгэлийн харилцааг зохицуулсан хуулиудын төслийн саналыг бусад байгууллагатай хамтран боловсрууллаа.

Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг хоёр дахин буурууллаа

Төв банкны хараат бус байдлын нэг үндсэн тулгуур нь санхүүгийн эрүүл байдал юм. Гэвч Монголбанк 2012-2016 онуудад алдагдалтай ажиллаж ирсэн нь эрсдэлийг нэмэгдүүлээд байв. Эдгээр он жилүүдэд Монголбанк төсвийн шинж чанартай хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлж, гадаад валютын өрийг нэмэгдүүлсэн нь нийтдээ гурван их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалд хүргээд байв. Харин сүүлийн гурван жил гаруйн хугацаанд Монголбанк улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, өнгөрсөн жилүүдийн бодлогын алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажиллаж ирлээ. Түүнчлэн, гадаад захын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн хэрэгслүүдийг шаардлагатай тухай бүр зах зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулан, ашиглаж ажиллалаа.

Гадаад валютын улсын нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрч өсөв

2016 онд 1 тэрбум ам.долларт хүрч огцом буураад байсан валютын нөөцийг 2019 оны есдүгээр сард буюу гурван жилийн дотор дөрөв дахин нэмэгдүүлж 4 тэрбум ам.долларт хүргэж, импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд нэмэгдүүлэв. Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Алт” хөтөлбөрийг дэмжин ажиллаж, мөн үнэт металл худалдан авах үнийн бодлогоо дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлснээр 2016 онд 18.6 тн, 2017 онд 20 тн, 2018 онд 22 тн, 2019 онд 15.1 тн үнэт металл худалдан авлаа. Мөн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валют худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав.  ГВАН нэмэгдсний үр дүнд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээж, улсын эрсдэлийг бууруулж, санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлсөн бөгөөд  Засгийн газартай хамтран зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлд нягт хамтран ажиллаж ирлээ.

Автомат клиринг хаус буюу АСН+ системийг нэвтрүүлэв

Гурван сая төгрөг хүртэлх төлбөрийн системийг бүрэн шинэчилж, ACH+ (Автомат клиринг хаус систем)-ийг амжилттай нэвтрүүллээ. Уг систем нь банк хоорондын төлбөр тооцоог бодит цагийн горимоор гүйлгээг илгээсэн даруй гүйцэтгэх, ижил төрөл, зориулалт бүхий гүйлгээг багцлан илгээх, төлбөрийн нэхэмжлэлээр гүйлгээ үүсгэх, харилцагчийн нэр данс зөрөх эрсдэлийг бууруулах дансны нэгдсэн сантай болох,  шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгслийн гүйлгээг дамжуулах юм.  Банкууд IBAN олон улсын стандартыг хэрэгжүүлэх, нөөц хөрөнгийг дансанд урьдчилан төвлөрүүлснээр үр дүнгийн тооцооллын үлдэгдэл хүрэлцэхгүй байх эрсдэл үгүй болох,  мөн санхүүгийн мэдээллийн олон улсын ISO 20022 стандартыг нэвтрүүлснээр гүйлгээний мэдээллийн бүтэц, гүйлгээний төрлүүд нэмэгдэх зэрэг олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны дэвшлүүд гарав.

Монгол Улс ОУВС-аас боловсруулан гаргасан статистикийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ

Монгол Улс 2000 оноос ОУВС-гийн “Мэдээлэл тархаах ерөнхий систем”, 2017 оноос “Сайжруулсан-мэдээлэл тархаалтын ерөнхий систем” -ийн шаардлагыг тус тус ханган ажиллаж байсан бол 2019 онд “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д албан ёсоор шилжээд байна.  Энэхүү систем нь улс орнууд олон нийтэд статистик үзүүлэлтээ мэдээлэхдээ заалшгүй дагаж мөрдөх тодорхойлолт, давтамж, тоо мэдээ бүхий хамгийн дэвшилтэд дэлхийн жишиг стандарт юм. Уг стандартад шилжсэнээр статистик мэдээллийн агуулга, ил тод байдал, хамрах хүрээ боловсронгуй болох төдийгүй тухайн улсын олон улс дахь нэр хүндэд эерэгээр нөлөөлөх, бусад орнуудтай харьцуулсан судалгаа шинжилгээ хийх боломжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажилд эерэг нөлөө үзүүлэх зэрэг давуу талыг бий болгодог.

₮ картыг EMV чип технологид шилжүүлж, дата төвийн шинэчлэлийг хийж эхлүүлэв

Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд үндэсний брэнд болох төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч “Мастеркарт” байгууллагатай хамтран үндэсний брэнд ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлэн нууцлал, аюулгүй байдлыг нь сайжруулж, ирээдүйд мобайл төлбөр тооцооны дэвшилтэд шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болох юм. Түүнчлэн дата төвүүдийг шинэчлэх, нууцлал аюулгүй байдлын төвийг байгуулах зэрэг төслийг үе шаттай хэрэгжүүлж, Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн Дархан-Уул аймагт байрлах нөөц дата төвийг шинэчлэх ажлыг 2019 оны гуравдугаар сард дуусгаж хүлээн авав. Мөн орчин үеийн дата төвийн дэд бүтэц, олон улсын стандарт шаардлага (TIER II)-ыг хангах түвшний Дата төв байгуулах нээлттэй тендерийг зохион байгууллаа.

Монгол Улс Олон улсын санхүүгийн боловсролын байгууллагын “Шилдэг түншлэл-2019” шагнал хүртлээ

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг  Олон Улсын хүүхэд залуучуудын санхүүгийн байгууллагаас өндрөөр үнэлж “Шилдэг түншлэл-2019” нэр хүнд бүхий шагналыг Монгол Улсад олголоо. Уг шалгаруулалтад дэлхийн 170 улсаас өрсөлдөж,   тэргүүлсэн нь хуримтлалыг бүх нийтийн зуршил болгоход Дэлхийн мөнгөний долоо хоногийг амжилттай нэвтрүүлж, тэмдэглэдэг болсон, санхүүгийн боловсрол түгээх сургалт уулзалтын хүртээмжийг өргөжүүлсэн, зорилтод бүлгүүд болон  хөдөө орон нутаг,  алслагдсан сум сууринд хүрч ажиллах сургагч багш, арга зүйч нарыг өргөн хүрээнд бэлтгэсэн зэрэг бүх шатанд хүрч буй үр дүнг үнэлсэнд юм.

Төв банкны суурь бүртгэл болон ERP системийн шинэчлэлийг эхлүүллээ

Дэлхийн төв банкуудын сүүлийн үед нэвтрүүлж буй “Intellect Quantum Central Banking” цогц шийдлийг нэвтрүүлж байна. Төв банкны суурь бүртгэлийн ерөнхий дэвтэр, банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээ, мөнгөний бодлого,  зээл болон барьцаа хөрөнгийн удирдлага, валютын ханшийн удирдлага, гадаад худалдаа, интернет банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага гэх мэт хоорондоо нягт уялдаа бүхий байгууллагын удирдлагын модулиудыг үйл ажиллагаандаа ашиглахаар болж байна. Мөн Төв банкны дотоод үйл ажиллагаа болон мэдээллийн урсгал нь хүний үйл ажиллагаанаас хамааралгүй бүрэн автомат болж, бүтээмж сайжирч, цаг хугацаа хэмнэх төдийгүй харилцаа холбоо бүхий мэдээллийн санг бий болгож, түүнийг үр дүнтэйгээр ашиглах боломж бүрдэнэ.

Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэж эхлэв

“Зээлийн хүүг буруулах стратеги 2018-2023” болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Үүний дагуу инфляцийг зорилтот түвшинд хадгалах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, долларжилтыг бууруулах, засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь буурах, чанаргүй активыг бууруулах стратеги зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал хадгалагдаж, эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсний үр дүнд банкуудын шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2019 оны аравдугаар сард 16.8 хувьд хүрсэн нь өмнөх оны түвшнээс буурсны дээр сүүлийн таван жилийн хамгийн бага үзүүлэлт юм. “Зээлийн хүүг буруулах стратеги 2018-2023”-ийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүү цаашид ч үргэлжлэн буурч, нам түвшинд тогтворжино.

Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон үр дүнг олон нийтэд нээлттэй хүргэж ажиллалаа

Монголбанкнаас эдийн засгийн судалгааны үр дүнг танилцуулах болон зөвлөмж хүргүүлэх хурал, зөвлөгөөнүүдийг өргөн хүрээнд зохион байгууллаа. Тухайлбал,  “Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал”,  “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурал, “Fitch on Mongolia 2019” форум, “Үндэсний төлбөрийн системийн зөвлөл”-ийн хурал, НҮБ-ын  Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэх” сэдэвт бүсийн хурал зэргийг зохион байгуулж, оролцлоо. Мөн Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийг тэргүүлэн хэрэгжүүлэхдээ 2019 оны эхний 10 сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,447 иргэнд олгоод байна. Цаашид Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг төлж барагдуулах, манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ 2021 оноос буурах сорилтууд байгааг дурдаж, авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг хүргүүлэхээр боллоо.

ОУВС-ийн Захирлуудын зөвлөл Дүрмийн IV заалтын 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг дүгнэв

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн захирлуудын зөвлөлийн 2019 оны есдүгээр сарын 17-ны өдрийн хурлаар Дүрмийн IV заалтын дагуу Монгол Улсад хийгдсэн зөвлөлдөх  хэлэлцээрийг дүгнэлээ. Ажлын хэсэг энэ удаагийн яриа хэлэлцээг УИХ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрын бусад албан тушаалтан, хувийн хэвшил, санхүүгийн салбарын төлөөлөлтэй хийв. Тус зөвлөлдөх хэлэлцээрээр эдийн засгийн өсөлт эрүүл байж, төсвийн тэнцэл сайжирч, гадаад валютын нөөц өссөний зэрэгцээ бүтцийн шинэчлэлд хэд хэдэн ахиц гарсныг онцоллоо. Цаашид мөнгөний бодлогыг инфляцийг тогтворжуулах болон гадаад тэнцвэргүй байдлыг шийдвэрлэхэд төвлөрөх хэрэгтэйг тэмдэглээд хэрэв шаардлагатай бол бодлогын төлөвийг чангаруулахад бэлэн байх ёстойг зөвлөлөө. Нөгөөтэйгүүр, эдийн засаг шокоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстойг тэмдэглэв.

Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтаж “Банкны хөгжил-95 жил” аяныг хийж, банкны салбарын түүхийг таниулах, төв банк болон арилжааны банк, харилцагч хоорондын итгэлцэл, олон нийтийн банкны үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын цаашдын хөгжлийг тодорхойлох зорьсон олон төрлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Түүнчлэн банкны салбарын нийт 16 мянган ажилтан “Сайн үйлсийн аян” өрнүүлж, Уран зургийн галерейд хагас зуун жилийн хугацаанд хадгалагдаж буй Монголын дүрслэх урлагийн үнэт өв болсон бүтээлүүдийг сэргээн засварлахад хандив өргөснөөр алдарт зураач Л.Гаваа гуайн “Алтайн уулс” уран зураг дахин үзэгчдийн өмнө дэлгэгдэх боломжийг бүрдүүлэв. Цаашлаад Монголбанкны ажилтнуудын сайн санааны хандивын хөрөнгөөр Монгол Улсын консерваторын сургалтад зориулж АНУ-ын “Kimball” брэндийн төгөлдөр хуур болон Герман, Солонгос улсын хамтарсан “Samick” брэндийн төгөлдөр хуурыг бэлэглэллээ.

 “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа”, “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлэв

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг хагас жилийн хугацаатай хэрэгжүүллээ. Аяны хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгж, бичил уурхайчидтай уулзалт сургалт хийх, тэдэнд тулгарч буй бэрхшээл хүндрэлийг судлах, арилжааны банкуудад алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхэд харилцагчдадаа мэдээлэл өгөх гарын авлагаар хангах зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүллээ.  “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяныг Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо болон бусад холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад  санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн салбарын шударга өрсөлдөөнийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц сургалт уулзалтууд, мэдээллийг өргөн хүрээнд түгээн ажиллаа.

Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийг сайжруулж, нөөц дахин бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна

Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэж байгаагаас хамгаалах, сэргийлэх үүднээс Монголбанк нь мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийг сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий элементээр солих, сайжруулах, зарим нэг зураг, дүрсийг залруулахад анхааран ажиллаж байна.  Энэ ажлын хүрээнд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай байсан 1-т, 50-т, 5000-т, 20000-ын дэвсгэрт шинэчлэгдээд байна.

Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэв

Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг ханган ажиллаж, өдгөө ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг тодруулах, магадлан шалгаад байна. Банкууд өөрийн хөрөнгөө зохистой эх үүсвэрээр нэмэгдүүлсэн байх нь зүй ёсны асуудал бөгөөд магадлан шалгах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, харилцагчийн мэдээллийг нууцлах олон улсын стандартын дагуу хийлээ.

Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүллээ

2019 оны аравдугаар сард болсон ФАТФ-ын ээлжит хурлаар Монгол Улс мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байна хэмээн үзэж, хяналтдаа оруулав. Монгол Улс МУТСТ стратегийн дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч үүнийгээ сайжруулахаар үйл ажиллагааны төлөвлөгөөг ФАТФ-тай хамтран боловсруулж, төлөвлөгөөнд 2021 оны тавдугаар сар хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгалаа. Үүнтэй холбогдуулан Хамтын ажиллагааны зөвлөлөөс 2019 оны есдүгээр сард ФАТФ-ын ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, зөвлөлийн 2019 оны аравдугаар сарын хурлаар хэлэлцэн санал нэгдэж, зөвлөлийн гишүүн байгууллага бүр байгууллагынхаа дотоод төлөвлөгөөнд холбогдох ажлаа тусган хэрэгжүүлж эхэллээ.

Олон улсын төв банкны жишигт хүрэх, дэлхий нийтээр хэрэгжүүлж буй бодлогын шинэ сорилт, түүнийг судлах, төлбөрийн системийн шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч, гадаад хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэв. Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын банкуудын хамтарсан дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж, Хятад, Монголын дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойг тохиолдуулан Хятад-Монголын банк, санхүүгийн хамтын ажиллагааны найм дахь удаагийн дугуй ширээний уулзалтыг БНХАУ-ын Шанхай хотноо 2019 оны есдүгээр сард амжилттай зохион байгууллаа. Үүнээс гадна Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн уулзалтуудыг хийж, ОУВС, Дэлхийн банкны 2019 оны жилийн уулзалтад оролцлоо.

Мэдээллийн технологийн шинэчлэлийг олон улсын түвшинд нийцүүлэн хэрэгжүүлж эхэллээ

Монголбанк мэдээллийн технологийн шинэчлэлийг олон улсын түвшинд нийцүүлэн хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд цахим оффисийн системийг нэвтрүүлсэн нь Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн болон Монголбанкны дотоод ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж, түүнийг хянахад ихээхэн дэмжлэг болж байна. Мөн гэрээ, санамж бичиг бүртгэлийн програмыг нэвтрүүлж, олон нийтэд зориулан дурсгалын зоос худалдах веб хуудсыг ашиглалтад орууллаа. Үйл ажиллагааныхаа эрсдэлийг бууруулах үүднээс эрсдэлтэй тохиолдлуудыг бүртгэн, мэдээллийн сан үүсгэх, уг мэдээллийг ашиглан эрсдэлийг тодорхойлж илрүүлэх, үнэлэх, түүнд дүн шинжилгээ хийх, мөн үйл ажиллагааны эрсдэлийн гол үзүүлэлтийн гүйцэтгэлийн хяналт зэргээ улам боловсронгуй болгов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.27  БААСАН  №257  (6224)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612052
0 эможи

Зочин
2019-12-31 20:41
Зочин
2019-12-27 12:10
keyboard_arrow_up