Э.Анар: EMV чип картыг нэвтрүүлснээр картын нууцлал, аюулгүй байдал сайжирна
Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлыг өнөөдөр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр шинээр нэвтрүүлж буй EMV чип картын талаар танилцууллаа.
Энэ талаар Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар " Энэ сарын 10-нд EMV чип карт нэвтрүүлэх гэрээ байгууллаа. Манай улс 2012 оноос хойш үндэсний төлбөрийн Т картыг зах зээлд нэвтрүүлсэн. Үүнээс хойш Монголбанкнаас нийт 2.7 сая ширхэг Т карт гарчээ. Энэ карт соронзон туузтай. Гэвч сүүлийн жилүүдэд картын хулгай, луйврын хэргүүдээс үүдэн дэлхий нийт чип картын хэрэглээ рүү шилжиж байна.
Энэ технологийг нэвтрүүлснээр картын нууцлал, аюулгүй байдал сайжирна. Гар утсаараа төлбөр тооцоо хийхэд аюулгүй болно.
Зайнаас төлбөр тооцоо хийх, QR code, token гэх мэт шинэ төлбөрийн төрлүүд нэмэгдсэнээр олон улсын төлбөрийн стандартыг хангадаг болно гэсэн үг." гэв.