Монголбанкны цогц шинэчлэлийн алхам
(МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НАДМИДЫН БАЯРТСАЙХАН: "ШИНЭЧЛЭЛ" НОМНЫ ӨМНӨТГӨЛ ҮГ)
Монголбанкны Ерөнхийлөгч Надмидын Баяртсайхан Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдал, цаашдын хөгжлийн хандлагыг өргөн хүрээнд авч үзэж, Монголбанкны зүгээс явуулж буй үйл ажиллагааны шинэчлэл, өөрчлөлтий алхмуудыг хөндсөн судалгааны өгүүлэл, нийтлэл, ярилцлагыг багтаасан гурав дахь номыг уншигч Та бүхний анхааралд толилуулж байна. Тэрээр өмнө нь энэ чиглэлээр хоёр боть ном гаргасныг уншигчид мэднэ.
Монгол банк өрнүүн дайчин, эрч хүчтэй, шударга, ил тод ажиллаж буй нь эдгээр номын агуулгаас бэлхнээ харагддаг. Банкны салбар өөрөө олон эрэг шурагтай, маш нарийн механизм, нарийныхаа хэрээр эгзэгтэй, эрсдэлтэй систем болохоор Монголбанкийг удирдаж буй хүний авьяас чадвар, билиг ухаан, зориг тэвчээр, хүч бололцоог дайчлан шавхдаг нүсэр хүнд ажил билээ.
2016 оноос эхлэн Монголбанкнаас явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн бодлогын ахлмууд үндсэн таван хэсэгт багтдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны шинэчлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг таван чиглэлээр өрнүүлж байна. Цагийн саалтаар энэ салбарын үйл ажиллагааг зохицуулж байсан өмнөх хуулиудыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн байсан учраас давын өмнө манай орны банк, санхүүгийн тогтолцоонд хууль эрх зүйн шинэчлэлийг эрс хурдацтай эхлүүлсэн билээ. Банкны салбарыг зохицуулах тулгуур хууль болох Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг санхүүгийн салбарын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн актуудыг шуурхай шинэчлэн Улсын Их Хурлаар энэ хугацаанд батлуулж амжсан юм. Үүнд Монголын парламентад олон удаа гишүүнээр сонгогдон ажилласан, Монгол Улсын эдийн засгийн тулхтай судлаач, эрдэмтэн дотор Н.Баяртсайханы өргөн хүрээтэй мэдлэг чадвар, мэдрэмж, зангараг, туршлага, нэр хүнд чухал нөлөөтэй байсан нь зүйн хэрэг. Хууль эрх зүйн эдгээр шинэчлэл нь манай орны банк санхүүгийн тогтолцоог олон улсын шилдэг туршлага, дэвшилт стандартад нийцүүлэх, төв банкинд сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болох зүгт том алхам болсон, нэг үгээр хэлбэл банкны салбарт тохиосон том үйл явдал гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Монголбанк Олон улсын Валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж чадлаа. Чадлаа гэдэг нь ОУВС-ийн хөтөлбөрт орох олон болзлыг биелүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Монголбанк маш нягт хамтран ажиллаж, шат дараалсан үйл ажиллагаа явуулж, олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. ОУВС-ийн хөтөлбөрт багтаж орж чадах болов уу яадаг бол? гэсэн түгшүүр олон түмнийг эзэмдэж байсныг бид санаж байгаа. 2016 он бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, хүнд байсан цаг үе, олон улсын санхүүгийн байгууллага, донор улс орнуудын дэмжлэггүйгээр өөрт учирсан хүндрэл бэрхшээл, урдаа тулгарсан сорилт шалгуурыг дангаараа даван туулах боломж эрс хомсодсон байсан билээ. Ийм байдлыг Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч тухай бүр нь УИХ, Засгийн газарт шуурхай танилцуулж, зайлшгүй шаардлагатай зоримог шийдвэрийг гаргуулж байлаа. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрэх хэлэлцээр олон сар үргэлжилсэн хэдий ч уг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх бололцоог бий болгож чадсан. Үүний үр дүнд манай орон сая нэг амсхийж, юутай ч тулгамдсан хүндрэлээс гарах бололцоо бүрдсэн юм. Уг Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бололцоог хангасан, амжилттай хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас гаргаж буй хүчин чармайлтыг хэрхэвч дутуу үнэлж болохгүй билээ.
Монголбанкны засаглал, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэлийн зүгт хийж буй алхмууд бол урьд өмнө төдийлөн дуулдаагүй, зоримог шинэтгэл болж байна. Үндсэндээ сахилга сайжирч, үйл ажиллагаа эрс өөр болж буй нь илт мэдэгдэж байгаа билээ. Тоогоор хэлбэл, Монголбанк 2012-2016 онд алдагдалтай ажиллаж, хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт хүрээд байсан бол 2017, 2018 онд ашигтай ажилласан байна. 2019 болон 2020 онд энэ байдлаар мөн ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгийн үлдэгдлийг эерэг болгох алхмуудыг үргэлжлүүлэн хийсээр байна.
Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэхийн төлөө Монголбанкны Ерөнхийлөгч маш хатуу чанд байр суурьтай үйл ажиллагаа явуулдгийг Та бид сайн мэднэ. 2016 онд Монголбанкны гадаад валютын нөөц үнэн хэрэгтээ шавхагдсан байсан, үүнд монголчууд нийтээрээ үүнд санаа зовниж байсан билээ. Харин тэгвэл өнөөдөр буюу сүүлийн хоёр жилд ГВАН-ийг бараг дөрвөн тэрбум долларт хүргэж чадлаа. Ямар их хүчин чармайлт шаардсан ажил өрнүүлж ирснийг Монголбанкны Ерөнхийлөгчийн удаа дараагийн ярилцлага, хэлсэн үг, мэдэгдэл, тайлбараас үзэж болно, тэр тухай энэ номонд багтаж байгаа тул нуршихыг түвдэв. Үр дүн нь гэвэл монголчууд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгтөө улам бүр итгэх, хүндэтгэх болсон, олон улсын байгууллагууд Монгол Улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нааштай нөлөөлсөн гол гол хүчин зүйл болж байна. ГВАН-ийг улам өсгөн нэмэгдүүлэхийг чармайхаас бус, эргүүлээд үрэн таран хийхээс Монголбанкны Ерөнхийлөгч маш сэрэмжлүүлдэг, ГВАН-ийг багасгах нь эдийн засгийн дунд хугацааны төлөв байдалд маш ноцтой эрсдэл бий болгох уршигтайг тэрээр удаа дараа сануулж байгаа. Ялангуяа, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын ханш сулрах зах зээлийн нөхцөл бий болсон, үүнээс үүсэж болох сөрөг нөлөө нь харьцангуй удаан үргэлжилж мэдэхээр байгаа өнөө үед интервенцээр ханшийг хүчээр барих нь ГВАН-ийг шавхах аюултайг Монголбанк ямагт анхаарч байгаа билээ.
Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээж, хуулиар халдашгүй дархан болгож, сан хөмрөгийг түүхийн хосгүй үнэт олдворуудаар баяжуулж байгааг чухалд үзэх учиртай. Өмнөх он жилүүдэд Эрдэнэсийн сан хөмрөгийн хараа хяналт тааруу, үрэн таран хийх нүх сүв ч гарсаар байсан гэдэг.
Монголбанк ил тод ажиллаж буй нь хүмүүст илт мэдэгдэж байгаа. Энэ хэрээр итгэлцэл бэхэждэг байна. Дэлхий дахинаа банкны үйл ажиллагааг нийтэд ил тод байлгах хандлага зонхилох болж байна. Дэлхийн улс орнуудын жишгээр олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх алхмуудыг олон түмэн ч, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд ч өндөр үнэлж байгаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан манай орны эдийн засагт тулгарч болзошгүй сорилтыг ч илэн далангүй хэлж, сануулсаар ирлээ. Тэр дундаа дөрвөн томоохон сорилтыг дахин дахин дурдсаар байгаа. Давын өмнө 2020 оноос Монгол Улс томоохон гадаад өрийг төлж эхэлнэ, 2020-2024 онд 13.3 тэрбум долларын өр төлбөрийг төлнө. Үүнийг гадаад валютын нөөцөөрөө л голдуу төлөхөөс өөр гарц байхгүй тул Монголбанкны Ерөнхийлөгч ГВАН-өө нэмэгдүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргадаг, нэгэнт бий болгосон нөөцдөө ихэд харам ханддагийн учир энэ. Цаашдаа уг нөөцийг нэмэгдүүлэхэд бүх хүч чармайлтаа дайчилна гэж мэдэгдсээр байгаа билээ.
Монгол улс олон улсын санхүүгийн байгууллага, донор улс орнууд, гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ чанд биелүүлэх чиглэлээр Монголбанк чармайлт гаргасаар байна. Тэдний өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд учирч болох хатуухан сорилтыг даван туулахад бид бүгд бэлэн байх ёстой.
Монголбанк улс орныхоо эдийн засагт гарч буй эерэг нааштай өөрчлөлт болгоныг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй, банкны салбарыг улам хүчирхэг болгох үндсэн чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ирэх он жилүүдэд угтан тулгарах сорилтуудыг бэрхшээл хүндрэл багатай даван туулахад шаардлагатай бүхий л үйл ажиллагааг эрх бүхий байгууллагуудтай хамтран цаг тухайд нь авч хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсээр байна. Тэр амлалтаа биелүүлэх зориг эрмэлзэл ч хангалттай бий. Төв банкны нээлттэй, ил тод, бие даасан, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримталж, улс орны эдийн засгийн тогтвортой байдал, ирээдүйн өсөлт хөгжлийн тулгуур болсон реформ, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлэх нөхцөлийг хангах нь эргэлзээгүй.
Бямбажавын ӨВГӨНХҮҮ
Эх сурвалж: Монголбанк
|