Б.Лхагвасүрэн: Төгрөгийн ханш УНАХ нөхцөл байдал ҮҮСЭХГҮЙ
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF Монгол Улсад саарал жагсаалтын хориг дахин тавьсантай холбоотойгоор Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ФАТФ-ын хяналт манай улсад 2017 оноос хойш эхэлсэн. Өнөөдөр гэнэт ороод сандраад байх асуудал биш. Монгол Улсын валютын нөөц одоогийн байдлаар 4 тэрбум ам.долларт хүрчихсэн, улсын төсөв 2019 онд алдагдалгүй гарахаар байна. Мөн энэ оны эхний хагасаар худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан тул төгрөгийн ханш унах нөхцөл байдал үүсгэхгүй, эдийн засагт дарамт учруулахгүй болохыг хэлмээр байна.
Түүнчлэн хяналтад орж байгаа улсуудтай ФАТФ- ын гишүүн улсууд харилцаагаа хэвийн байлгана гэж мэдэгдэлд нь бичигдсэн байгаа. Дахин хэлье хяналттай холбоотойгоор гадагшаа гүйлгээ хийгдэхээ болино, валютын урсгал байхгүй болно гэх мэт хоосон хийрхэлд автаж, сандрах хэрэггүй.
Банк бус байгууллагын мэргэжлийн оролцогчдын хяналтын тогтолцоогоо сайжруулах, хоёрдугаарт үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, санхүүжүүлэхтэй холбоотой ажилд Монгол Улс ахиц гаргах шаардлагатай байна, гуравдугаарт мөнгө угаах, терроризмтой тэмцэхэд эрхзүйн зохицуулалтынхаа хүрээнд ажиллаж байна уу, хууль хяналтынхаа байгууллагад шийдэгдэж байна уу гэдэгт мөн ахиц гаргах шаардлагатай байна гэж үзээд FATF хяналтдаа авсан гэсэн үг.
Ам.доллар 10 төгрөгөөр өссөн гэдэг нь Найман шарга буюу банк бус байгууллагуудын самбарын ханш. Банкуудын самбарын ханш өөр байгаа. Монголбанкны зүгээс долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулдаг. Тиймээс банкуудад валют хомсдох асуудал байхгүй." гэв.