Д.Алтансүх: Татвар нь нэмэгдсэнээр алт хууль бусаар хил давуулах байдал улам өсч байна
- УРД ХӨРШИД ХУУЛЬ БУС АЛТНЫ ЭРГЭЛТЭЭР БОХИР МӨНГӨ УГААДАГ БАЙХ ГЭЖ ТААМАГЛАДАГ -
“Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний ололт, амжилт, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт зөвлөгөөнийг Стандартчилал хэмжил зүйн газраас өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр алт нийлүүлэлтийн хувь буурсан шалтгаан, алтыг хууль бусаар эргэлтэд оруулахтай холбоотой асуудлаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүхтэй ярилцлаа.
-Алтны нийлүүлэлт өнгөрсөн оныхыг гүйцэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болчихсон. Үүнд нөлөөлөөд байгаа гол хүчин зүйлийг юу гэж харж байна вэ?
-Энэ тухай ярихын өмнө гадаад валютын нөөц, алтны нийлүүлэлтийн талаар заавал дурдах ёстой. Монгол Улсын гадаад валютын нөөц мөнгөжсөн алт, гадаад валют, вексель, үнэт цаас, бусад актив гэсэн хэсгээс бүрддэг. Гадаад валютын нөөцийн зорилго төрийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орны богино хугацаат гадаад зээлийн төлбөрийг төлөх чадварыг хангах, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг тогтвортой балгах, улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд гарахад гадаад валютын нөөц чиглэгддэг.
Өнгөрсөн жил гадаад валютын нөөцөд алт 713 сая ам.доллараар нэмэр үзүүлсэн. 2017 онд бол 731 сая ам.доллар байсан. Ингээд харахад гадаад валютын нөөцийн 20-25 орчим хувийг алт эзэлж байна. Тэгвэл 2019 оны алт тушаалт гэхэд өнгөрсөн наймдугаар сарын 30-ны байдлаар 307 сая ам.доллар буюу нийт гадаад валютын нөөцийн 10 орчим хувийг бүрдүүлээд байна
Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 30-ны байдлаар төв банк нийт 11.2 тонн алт худалдаж аваад байна. Өнгөрсөн оны мөн үед 14.6 тонн алт худалдаж авснаас 3.4 тонноор бага байгаа гэсэн үг. Алт худалдан авалтад гол нөлөөлөөд байгаа зүйл бол хууль эрх зүйн орчин.
-АМНАТ-ын төлбөрийг хэлж байна уу?
-АМНАТ-ийн хувь хэмжээнээс шалтгаалж байна. АМНАТ-ийн хувь хэмжээ өмнө нь хэд, хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд 2014 оноос Ашигт малтмалын тухай хуульд УИХ-аас өөрчлөлт оруулж АМНАТ-ыг 2.5 хувь болгосон. Ингэснээр 2014 онд өмнөх оноосоо хоёр дахин өссөн. Өнгөрсөн онд 21.9 тонн алтыг төв банк худалдаж авсан байгаа. Энэ хуулийг мөрдөх хугацаа таван жил байсан учир энэ оны эхээр хуулийн хугацаа дуусгавар болж, хуучин хэвээрээ буюу тав дээр нэмэх нь тав гэсэн хувиар тооцож эхэлсэн. Сүүлийн гурван жилийн сар бүрийн алт худалдан авалтыг харьцуулахад ч гэсэн 2019 оны сарууд өмнөх онуудаа гүйцэхгүй байгаа юм. Бүгд бууралттай гарсан. Үүнийг АМНАТ-тай холбож үзэж байгаа. Түүнээс гадна Засгийн газраас ашигт малтмалын лиценз цуцалсантай холбоотойгоор алтны нийлүүлэлт буурч байгаа гэж үзэж болно. Он гарснаар 30 лиценз цуцлагдсан.
-Алтыг хууль бусаар хил давуулах асуудал бас бий. АМНАТ-ын хэмжээ нэмэгдсэнээр энэ төрлийн зөрчил улам нэмэгдэнэ биз?
-Алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэх үйлдэл гарсаар байна. Саяхан гэхэд нэлээд хэмжээний алтыг хууль бусаар хилээр гаргах гэж байгаад баригдсан. Тэр алт нь манайд түр хадгалуулах горимд байна.
Ер нь алтыг өмнөд хөрш рүү гаргах сонирхол ченжүүдэд байдаг. Монголбанк өнөөдөр нэг гр алтыг 128 мянгаар авч байхад урд 131 мянгаар авч байх жишээтэй. Нэг грамм дээр 3000 төгрөгийн зөрүү гэдэг кг-аар тооцохоор хэдэн төгрөгийн ашиг унах билээ. Хятад талаас алт импортолж оруулахад ямар ч татвар авдаггүй. Урд хөршид бол хууль бус алтны эргэлтээр бохир мөнгө угаах магадлалтай гэж таамагладаг. АМНАТ нэмэгдсэнээр таны хэлсэнчлэн хууль бусаар хил давуулах байдал нэмэгдэнэ гэж харж байгаа. АМНАТ өмнөх жил 2.5 хувь байсан. Энэ жил тав болчихлоо. Харилцагч маань Монголбанкинд алтаа тушаахаар таван хувь нь алга болчих гээд байна. Өөрт нь ирэх мөнгө багасахаар хууль бусаар гаргах асуудал улам нэмэгдэнэ гэж харагдаж байгаа.
-Алтыг хууль бусаар хил давуулах тохиолдол он гараад хэр гарсан бол?
-Он гарсаар хоёр удаагийн тохиолдлоор нэлээд хэмжээний алт хураагдаж төв банкинд хадгалагдаж байна. Өмнөх онд ч бас хоёр удаагийн тохиолдол гарч байсан. Гэхдээ хэмжээ нь маш бага.
-Монголбанк бол алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэгтэй байгууллагуудын нэг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Өнгөрсөн онд алт 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байдаг. АМНАТ, татвар, бүх алттай холбоотой татваруудын нийт дүн энэ. Энэ нь уул уурхайн салбараас улсад төвлөрүүлсэн нийт татварын дөрвөн хувийг эзэлж байна.
Монголбанк алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд алт худалдан авах үнийг өсгөсөн. Лондонгийн хөрөнгийн бирж дээр зарлагдсан ханшаас нэг унц алтыг хоёр доллар хасч авч байгаа. Мөнгөний үнийг тооцохдоо бас нэг долларыг хасч байна. Учир нь Монголбанк дотоодоос худалдан авсан алтаа дэлхийн зах зээл дээр зарахын тулд цэвэршүүлдэг. Цэвэршүүлэлтийн зардал, үйл ажиллагааны зардлыг шингээгээд тийм хэмжээний доллар хасч авдаг. Түүнээс гадна төв банк ханшаа өдөр бүр гаргадаг боллоо. Харилцагч нар тухайн өдөр алтны ханш өндөр байхад нь алтаа өгөх сонирхолтой байдаг. Тэдний хүсэлтийг үндэслэж тухайн өдрийн алт худалдан авалтын цаг дууссан ч тэр өдрийн ханшаар нь маргааш харилцагчид нь мөнгийг шилжүүлэх зохицуулалтыг журмын өөрчлөлтөөр бий болгосон. “Монгол алт”, “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг сүүлийн гурван жил зохион байгуулж байна. Дээр нь Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, төрийн байгууллагууд, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран Баянхонгор, Дархан-Уул аймагт сорьцын лабораторийг байгуулсан зэрэг ажлууд бий.
-Хэдий тийм байгаа ч алтны нийлүүлэлт өнгөрсөн оныг гүйцэхээргүй болчихлоо. АМНАТ-ыг нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг хийхээс өмнө төв банкнаас арга хэмжээ авч болоогүй хэрэг үү. Лобби явуулах, санал хүсэлт хүргүүлэх зэргээр?
-Монголбанкнаас УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо, Уул уурхайн яам, Сангийн яаманд тухайн үед хандаж байсан. Албан бичгүүдийг ч холбогдох газруудад удаа дараа хүргүүлж, уулзалт хэлэлцүүлгүүд хийж байсан. Алт олборлогчдын холбоотой хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг ч зохион байгуулж байсан. Тэгсэн хэдий ч хүч хүрээгүй, хууль баталдаг хүмүүс нь УИХ-ын гишүүд шүү дээ.
-Тэгвэл одоо хуулийг өөрчлөх гарц бий юү?
-Холбогдох байгууллагуудаас санал тавих боломжтой болов уу. Алтны нийлүүлэлт их хэмжээгээр буурчихлаа, хуулиа эргэж хараач гэсэн санал тавьж болох байх. Гол нь төрийн байгууллагууд хамтарч нийлж УИХ-д хандах ёстой. Засгийн газраас тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ саналыг тавих ёстой. Түүнд нь манайх хамтарч оролцох боломжтой. Яахав, одоо он дуусаагүй байна. Оны дараа энэ асуудал яригдах боломжтой болов уу.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин