Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Хурлаар Монголбанкны санхүүгийн тайлагналын олон улсын шинэ стандартын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсов. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 9 (СТОУС9)-г Монголбанкны санхүүгийн тайлагналд нэвтрүүлэх бэлтгэлийг хангах ажлыг сайтар зохион байгуулж, гадаад, дотоодын экспертүүдтэй хамтран ажиллаж, сургалт судалгаа хийн ажилласны үр дүнд тус стандартыг 2018 оноос амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.
Хөндлөнгийн аудитын байгууллага “Прайсуотерхаус Куперс Аудит” ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Монголбанкны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд “санхүүгийн байдал, тухайн өдрөөр дуусгавар болсон санхүүгийн үр дүн болон мөнгөн гүйлгээ нь бүх материаллаг зүйлсийн хувьд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (“СТОУС”)-ын дагуу бодитойгоор илэрхийлэгдсэн байна” гэжээ.
Хяналтын зөвлөлийн гишүүд санхүүгийн тайлангийн үр ашгийн үзүүлэлтүүд, шинэ стандартын дагуу хийгдэх хөрөнгийн үнэлгээ, эрсдэлийн тооцоололд Монголбанкны удирдлага, нийт газар хэлтэс, дотоод аудитын газар онцгой анхаарал тавьж, үйл ажиллагааныхаа чиглэл, бодлогод илүүтэй ашиглаж байх, нягтлан бодох бүртгэлийн мэдээ, тайланг бүрэн цахимжуулах ажлыг түргэтгэж ажиллахыг сануулав.
Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах талаар зохион байгуулж буй ажлын явцтай танилцлаа.
Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023”-ийг боловсруулан баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Зээлийн дундаж хүү сүүлийн жилүүдэд зохих хэмжээнд буурсан хэдий ч бизнесийн тогтвортой, удаан хугацааны үйл ажиллагааг дэмжих хэмжээнд хүрч буурч чадаагүй байна. Мөн санхүүгийн зах зээлд мөнгө хүүлэх эрсдэл байсаар байгааг Хяналтын зөвлөлийн зарим гишүүд тэмдэглэн ярилаа. Зээлийн хүү буурах суурь нөхцөл болсон инфляцийг бууруулахын төлөө ажиллахын хамт иргэд, аж ахуйн нэгж, Засгийн газрын хуримтлал бий болгох санал санаачилгыг хөхүүлэн дэмжих, татвар, халамжийн бодлогын үр өгөөжийг иргэдийн өөрсдийн нийгмийн хариуцлагатай холбох зэрэг суурь асуудлыг сайтар судалж, зөв шийдвэр гаргаж ажиллахад банкны байгууллага манлайлагч байвал зохистой гэдгийг ч онцоллоо.
Мөн Монголбанкны Хяналтын зөвлөл Монголбанкны санхүүгийн чадавхи болон эрсдэлийн сангийн өнөөгийн байдал, эрдэнэсийн сангийн 2018 оны дахин үнэлгээ, Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилтийн арга, хэрэгслүүдийн үр дүн, санхүүгийн нөөцийн бүрдүүлэлт, ашиглалтын талаар холбогдох газар, хэлтсүүдийн тайлан мэдээллийг сонсож, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийлээ. Монголбанк өөрийн санхүүгийн байдлыг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Эрдэнэсийн сан дахь үнэт зүйлсийг дахин үнэлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, зохих үр дүнд хүрч байгааг сайшаан тэмдэглэв. Хуримтлагдсан ашиг, алдагдал, актив, пассив хөрөнгийн зөрүүг санхүүжүүлэх арга механизмыг олох, санхүүгийн цэвэр орлогын хэмжээ зэргийг тогтоохдоо ашиглах хууль, эрх зүйн болон эдийн засгийн шалгуурыг нарийвчлан авч үзэн, нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн ирээдүйн өр төлбөрийн хуваарь, таваарын бүтээгдэхүүний үнийн мөчлөг зэргийг бодолцон гадаад валютын нөөцийг улам нэмэгдүүлэх, зэс, нүүрс, алт зэрэг голлох экспортын бүтээгдэхүүний орлогын дийлэнхийг Монголдоо үлдээх бүтцийг бүрдүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд өөрийн орны санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг зөв ашиглах, харилцан уялдаа бүхий мөнгөний болон сангийн бодлогыг хэрэгжүүлэх арга механизмыг хамтран судлахыг зөвлөв.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
Эх сурвалж: Монголбанк
|