Д.Болормаа: Хамтарсан хөрөнгө оруулалтын сан хувьцааны санхүүжилт хийнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын үеэр хоёрулс хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах хэлэлцээрийг баталгаажуулсан.
Энэ гэрээг Монголын талаас Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” компани хариуцаж ажиллах юм. Хөрөнгө оруулалтын сангийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Болормаатай ярилцлаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улс хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар боллоо. Хэлэлцээрийг баталгаажуулахаас өмнөх бэлтгэл ажил хэрхэн явагдсан бэ?
-ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллах бэлтгэл ажил багагүй хугацаанд үргэлжиллээ. Олон удаагийн уулзалтын үр дүнд хамгийн ололттой нь Орос-Монголын хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах хэлэлцээрт хүрч чадсан.
ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан 2011 онд байгуулагдсан. Олон улсын санхүүгийн зах зээл дээрээс дангаараа 40 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг улсынхаа эдийн засагт төвлөрүүлсэн. Энэ оны байдлаар нийт 1.5 их наяд рубль буюу ойролцоогоор 22.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багцыг удирдаж буй томоохон сан юм.
Манай улсын хувьд ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай хамтарсан Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар эдийн засгийн эргэлтэд орж тогтвортой хөгжлийг хангах томоохон төслүүдийг санхүүжүүлснээр бүс нутгийн хөгжлийн бодлого, стратегийн түншлэл, хөрөнгө оруулагчийн эрхийг хангаж, хөрөнгө оруулалт татах суурь нөхцөл болно гэж үзэж байна.
Тэр дундаа аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, технологийн чиглэлээр түлхүү ажиллана. Манай компанийн хувьд хөрөнгө оруулалтын сан үүсгэж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хөрөнгө оруулалтуудыг дэмждэг хөрөнгийн удирдлагын компани. Одоогийн байдлаар дэд бүтэц, ногоон хөгжил, хөдөө аж ахуй зэрэг үндсэн гурван сангийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөөд байна..
ОХУ-тай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулснаар Монгол Улс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, хоёр орны эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх ач холбогдолтой.
Түүнчлэн хоёр улсын эдийн засгийн олон талын шинжлэх ухаан-техникийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын сангийн бодлого, эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах юм.
-Танай компанийн хувьд байгуулагдсанаасаа хойш хэрхэн хөрөнгө оруулалт татаж, ямар төслүүдийг санхүүжүүлж ажилласан бэ?
- Санхүүгийн зах зээлд тэнцвэртэй эрүүл өрсөлдөөнийг бий болгох, мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, нөгөө талаас хөрөнгө оруулалтын урсгалын чиглэл, манай орны эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан томоохон хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, түүнийг удирдлагаар хангах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх компани зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.
Үүнийг Засгийн газар дэмжиж хөрөнгийн удирдлагын компанийг Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр байгуулах шийдвэрийг гаргаснаар “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулагдсан. Үүний хүрээнд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, энгийнээр хэлбэл, хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулж, хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлэн, хөрөнгө оруулалтын оновчтой багцыг бүрдүүлэх замаар хөрөнгийн удирдлагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай, үр нөлөөтэй томоохон төслүүдэд урт хугацаанд уян хатан нөхцөлтэйгөөр олон төрлийн санхүүгийн хэрэгслээр дамжуулан хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна.
Байгуулагдсан хоёр жилийнхээ хугацаанд санхүүгийн олон улсын стандартыг нэвтрүүллээ.
Ойрын хугацаанд Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын 100 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн, орлогод нийцсэн 10,000 эко орон сууц барьж, гэр хорооллоос ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах зорилго бүхий Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууц санг дотоодын зах зээлд үүсгэн байгуулахаар ажиллаж байна.
Сангийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран урт хугацааны ипотекийн болон төсөл хэрэгжүүлэгчдэд олгох зээлийн санхүүжилтийн схемийг боловсруулаад байна.
Энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулж Азийн хөгжлийн банкаар дамжуулан Уур амьсгалын ногоон сангаас 75.7 сая ам.долларын санхүүжилтийн амлалтыг авч бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааг нэвтрүүлэх ажлын хүрээнд Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын санг хувийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр 2018 онд үүсгэн байгуулж Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын амлалтыг гаргасан.
Энэ төрлийн хувийн хөрөнгө оруулалтын сангийн хувьд зөвхөн институцианал буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлдэг онцлогтой. Олон улсын жишигт ч ийм байдаг. Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан дэд бүтэц, уул уурхайн салбарын төслүүд болон эдгээр салбарыг дэмжсэн инновацийн төслүүд рүү чиглэсэн. Энэ сангаар дамжуулан хөрөнгө оруулалтыг шалгууруудыг хангасан, санхүүгийн үр ашигтай төслүүдийг дэмжихээр төлөвлөсөн.
Ингэснээр төслийн санхүүжилттэй холбоотой эрсдэлийг хуваалцах, төслүүд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэшсэн санхүүгийн байгууллагууд болон бусад хөрөнгө оруулалтын сантай хамтрах бодлого баримтална. Төсөлд хамтарч хөрөнгө оруулахыг зорих ба сан дангаар нэг төсөлд хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн үг.
Ер нь хөрөнгө оруулалтын сангууд байгуулснаар эдийн засгийн мөчлөг дагасан, урт хугацаатай, уян хатан нөхцөл бүхий санхүүжилтийг бий болгох бодит эдийн засагт дэмжлэг болохоос гадна төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.
-Хамтарсан санг үндэсний мөнгөн тэмдэгтээр байгуулах болсон нь ямар ач холбогдолтой вэ?
-Гэрээ хэлцлүүд ихэвчлэн доллараар хийгддэг. Харин үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдсэнээр ханшийн зөрүүний эрсдэлд орохгүй. Монгол төгрөгийн үнэ цэнэ өснө. Цаашид ч гэсэн бусад улстай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахдаа тухайн улсын юм уу манай мөнгөн тэмдэгтээр хийх зорилго тавьж ажиллана. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй.
-Хоёр орны хамтарсан хөрөнгө оруулалтын сан аж ахуйн нэгжүүдтэй ямар нөхцөлөөр хамтран ажиллах вэ. Хөрөнгө оруулахын тулд компанийн барьцаа хөрөнгөөс гадна төслийн үр ашгийг хэрхэн тооцох бол?
-Хамтарсан хөрөнгө оруулалтын сан зээлээр санхүүжүүлэхгүй. Тогтвортой байлгахын тулд урт хугацаанд хувьцаа эзэмших замаар санхүүжилт хийх юм. Эдийн засаг, нийгэмд үр өгөөжөө өгөх боломжтой төсөл дээр хувийн, улсын компани гэж ялгахгүй. Харилцан тохиролцсоны үндсэн дээр хувьцаа эзэмших байдлаар хөрөнгө оруулалтын санхүүжилт хийнэ.
Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан манай сан хоёр эрсдэлээ хувааж үүрнэ.
Хувьцааны санхүүжилт хийснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийн ахисан түвшин рүү орж байна гэсэн үг. Сингапур, Өмнөд Солонгос зэрэг орнууд бүтээн байгуулалтыг хийхдээ хувьцааны санхүүжилтээр хөрөнгийн зах зээлийг дэмжих байдлаар хийсэн.
Бусад улс орнууд ч энэ санхүүгийн арга хэрэгслийг маш өргөн хүрээнд ашигладаг. ОХУ-ын хувьд ч гэсэн томоохон бүтээн байгуулалтуудыг төрийн компани дээр хувьцаа эзэмших байдлаар санхүүжүүлж, дараа нь хувьцаагаа хөрөнгийн биржээр олон нийтэд эзэмшүүлэх системээр явж ирсэн.
Гадаад, дотоодынхонд хувьцаагаар хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлнэ.Аж ахуйн нэгжийн санаачилсан төсөлд хөрөнгө оруулж, хувьцааг нь эзэмшиж тухайн бизнес тогтвортой болоод ирэхээр хувьцаагаа арилжиж болно. Эсвэл хувьцаа үнэ цэнэтэй болоод ирэхээр төсөл санаачлагч буцаагаад худалдаж авах, сангийн зүгээс хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд арилжиж тоглолтоос гарч дараагийнхаа хөрөнгө оруулалтыг хийх маягаар явж болно. Бид нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд гаднаас есөн төгрөг татахыг зорьж байгаа.
Ингэснээр тухайн компанийн хувьцааны үнэ цэнийг дэлхийн зах зээлд гаргах боломжийг бий болгож өгч байгаа юм. Компани төслөө санаачлаад ирвэл хамт хөгжүүлж үр ашгийг нь нэмэгдүүлэх боломжтой. Дотоодын хөрөнгө оруулагчийн хувьцааг гадныхан худалдаж авснаар мөнгө нь манай эдийн засагт шингэнэ.
Ингэж ашгаа хүртэж татвараа төлснөөр эдийн засагт чухал ач холбогдолтой. Одоо бол зээлээр санхүүжүүлэхээр хүүгийн дарамтаас болж зах зээл дээр гарч чадахгүй байна.
Үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн төсөл амжилттай хэрэгжиж эдийн засагт үр өгөөжөө өгөхийн тулд урт хугацааны санхүүжилт хэрэгтэй. Хүмүүсийн оролцоог нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж хувьцааг нь үнэ цэнэтэй болгох хэрэгтэй.
-Томоохон хувьцаат компани эсвэл төслийн дийлэнх хувийг худалдан авах боломжтой юм байна. “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-гийн хөрөнгийн хэмжээ нь хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа энэ олон төслийг санхүүжүүлэхэд хүрэлцээтэй юу?
-Энэ төрлийн сангийн онцлог нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг ашиглан төслийг санхүүжүүлдэг. Жишээлбэл, Үнэт цаасны зах зээл дээр олон нийтэд нээлттэй арилжаалдаг хувьцаа, шинээр хувьцаа гаргах буюу IPO хийж байгаа компанийн хувьцаа, эсвэл өрийн хэрэгсэл буюу бондыг худалдан авах боломжтой.
Мөн хаалттай хүрээнд ХХК болон хаалттай ХК-ийн хувьцааг нь эзэмших замаар төслийн санхүүжилт хийх, өрийн хэрэгслээр гэх мэт олон төрлийн хэрэгслээр дамжуулан хөрөнгө оруулах боломжтой байдаг.
Бид эхний ээлжид 100 сая ам. доллартай тэнцэх хэмжээний буюу өнөөгийн ханшаар 265 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын амлалтыг Хөгжлийн банкнаас авсан тухай хэлсэн.
Мөн дан ганц дотоодын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татахаас гадна гадны хөрөнгө оруулалтын сангууд, олон улсын хөгжлийн болон хөрөнгө оруулалтын банкууд энэхүү санд нэмэлт хөрөнгө оруулах боломжтой. Энэ тохиолдолд сангийн хөрөнгийн хэмжээ нэмэгдэх эсвэл хамтарсан санхүүжилтээр дамжуулан хөрөнгө оруулах боломжтой гэж үзэж байна.
-Нэг компани төсөл хэрэгжүүлэхэд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзье. Мөн барьцаа хөрөнгө багатай. Ийм хэмжээний санхүүжилт авахад компани юу бэлдэж, хэрхэн танайд хандах вэ?
-Бидний удирдаж буй сан өөр өөр нөхцөл шаардлагатай. Тоймловол, төслийн баримт бичигтэй танилцаж, холбогдох судалгаа, тооцооллыг хийнэ. Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан гэхэд нэг төсөлд 20 тэрбум төгрөгөөс багагүй хөрөнгө оруулалт хийх юм.
Харин өөрийн хөрөнгөөр буюу хувьцаа эзэмших тохиолдолд тухайн төсөл хэрэгжүүлэгчийн барьцаа хөрөнгөөс илүүтэйгээр үр ашгийн тооцоолол судалгааг чухалчилж үзнэ.
Төслийн санхүүжилтийн бэлтгэл шатанд хийгдэх судалгаа, тооцоолол, гэрээ хэлэлцээрт багагүй хугацаа ордог. Бид арилжааны банк юм уу шуурхай зээл гаргадаг санхүүгийн байгууллага биш.
Том дүнтэй, урт хугацааны санхүүжилт хийх мэргэжлийн буюу институцийн хөрөнгө оруулагч учраас аж ахуйн нэгжүүд төслийн бүтээн байгуулалт, хэрэгжилтийн хугацаатай уялдуулж санхүүжилтийн бэлтгэлийг хангах нь зүйтэй. Сангаас төсөлд тодорхой шалгуур, хязгаарлалтуудын тавьдаг.
Шалгуурын дагуу ТЭЗҮ, технологийн шийдэл, тооцооны талаар мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, үйлдвэрлэх бүтээгдэхүүн, нийгэм, эдийн засаг, ногоон хөгжлийн ач холбогдлын талаарх төсөл санаачлагчийн болон мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулна. Үүний үндсэн дээр үнэлгээг хийх болно.
Олон баримт бичиг шаардлагатай боловч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг шаардлагууд ийм байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарсан санхүүжилт хийх бол энэ наад захын шалгуур, шаардлагыг бүрэн хангах ёстой.
-Төслийн шалгаруулалтыг хоёр улсын хамтарсан компани хийх үү. Бизнес эрхлэгчдийн хувьд хувьцааг хэрхэн үнэлэх нь их чухал. Мөн хөрөнгө оруулалтаа эргээд хэрхэн хянах вэ?
-Хоёр улс хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулна. Сангийн удирдах зөвлөлөөс шийдвэрээ гаргаад явна. Манай компани менежер хийнэ гэсэн үг. Хувь хөрөнгөө нийлүүлж байгаа учраас хоёр тал хамтдаа хариуцлагаа үүрнэ.
Хөрөнгө оруулагчдын зүгээс төсөл хэрэгжүүлэгчдэд явцын хяналтыг байнга тавина. Бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа төслийн үйл явцаа төлөвлөж хэр хугацааны дараа хувьцаагаа зах зээл дээр гаргах гэдгээ тооцно.
Бизнес эрхлэгчдэд уян хатан хандана гээд хяналтын тогтолцоогоо сулруулна гэсэн зүйл биш. Бизнесийнхээ зарчмаар ажиллана. Хоёр талдаа хариуцлага үүрч байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд шинэ төлөвшил бий болно гэж харж байгаа.
Мэдээж хувьцааг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлнэ. Бодит үнэлгээ мөн эсэхийг үнэлүүлж байж зөвшилцөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, компанийн үнэ цэнэд тулгуурласан хөрөнгө оруулалтыг хувь эзэмших замаар хийх учраас хувьцааны хэдэн хувийг ямар ханшаар тооцох нь хэлэлцээрээс хамаарна.
Нэг зүйлийг онцлоход, төслийг судлаад урт хугацааны хөрөнгө оруулалтын шаардлагыг хангахгүй байсан ч үнэхээр үнэ цэнэтэй, ирээдүйтэй бол хамтраад хөгжүүлж болно. Тухайлбал, малчдын амьжиргааг дээшлүүлэх, түүхий эд бүтээгдэхүүнийг татан төвлөрүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулж эрхзүйн орчныг таатай болгоход дэд бүтцийг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ-тай хамтарч ажиллахаар уулзалтууд хийж байна. Эхний ээлжид яамд болон хувийн компаниудтай хамтран ажиллах төслийн жагсаалт бэлэн болсон. Бодитой хэрэгжихээр судлагдаад явж байгаа төсөл ч бий. Ер нь томоохон дэд бүтцүүдийг бий болгоход ноос ноолуур, хөдөө аж ахуй газар тариалангийн холбоод чухал оролцоотой.
С.Уянга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин