“Ди Би Эм АССЕТ менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ хэлэлцээр байгууллаа
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон Засгийн газрын холбогдох шийдвэрээр эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулсан байна.
Тус компани “Хөрөнгө оруулалтын сан” байгуулах замаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Компани эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашиг бүхий томоохон төслийг санхүүжүүлэх зорилгоор “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г 2018 онд үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 75.9 сая ам.долларын эх үүсвэрийн амлалтыг аваад байгаа.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол улсад хийж буй энэ удаагийн айлчлалын хүрээнд “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгууллаа.
ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нь 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын санаачлагаар байгуулагдсан бөгөөд 40 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг ОХУ-ын эдийн засагт татан төвлөрүүлж, нийт 1.5 их наяд рублийн хөрөнгө оруулалтын багцыг удирдаж буй томоохон хөрөнгө оруулалтын сан юм.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд рубль-төгрөгийн хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээр хоёр улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
“ДИ БИ ЭМ АССЕТ МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК