Н.Батсайхан: Шалгалтын цар хүрээнээс шалтгаалан хугацааг хойшлуулсан
Монголбанкнаас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудад хөрөнгийн гарал үүслийг нь магадлан баталгаажуулах шалгалтыг хийж байгаа талаар мэдэгдэж байсан билээ. Монголбанкны уг мэдэгдэлээр бол магадлан баталгаажуулах шалгалтын урьдчилсан үр дүн энэ сарын 16-ны өдөр гарахаар байв. Гэсэн ч одоогоор Монголбанкнаас шалгалтын талаар албан ёсны мэдээ гараагүй байна. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайханаас тодрууллаа.
-Монголбанкаас банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж байгаа талаар мэдэгдэж байсан. Шалгалтын явцын талаар та товчхон мэдээлэл өгөх үү?
-Монголбанк банкуудад Активын чанарын үнэлгээ хийлгэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн дараагаар нь банкуудын ирэх гурван жилийн бизнес төлөвлөгөөнд үнэлгээ хийгдэж, банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үр дүн эцэслэгдсэн юм. Энэ үр дүнгээр зарим банкууд нь өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Эдгээр банкуудад Монголбанкаас өөрийн хөрөнгийн дутагдлыг арилгах үүрэг даалгаврыг өгч банкууд нь хугацаандаа өөрийн хөрөнгөө нэмэгдүүллээ.
ОУВС-ийн хөтөлбөрийн үнэлгээний явцад банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг магадлан баталгаажуулах шаардлагатай гэж үзсэн тул Монголбанк уг шалгалтыг “Duff and Phelps” компанийг сонгон шалгаруулан зөвлөх компаниар ажиллуулж байна. Магадлан баталгаажуулах ажил өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн бөгөөд одоо дуусах шатандаа явж байна.
-Өмнө нь Монголбанкнаас уг шалгалтын урьдчилсан үр дүнг энэ сарын 16-нд гарах талаар мэдэгдэж байсан. Одоогоор шалгалтын талаар мэдээ гараагүй байна?
-Бид шалгалтын үр дүнг наймдугаар сарын 16-ны өдөр урьдчилсан байдлаар гаргахаар төлөвлөн ажилласан. Харин шалгалтын цар хүрээ, үзэж харах баримт материалын хэмжээнээс шалтгаалан уг ажлын тайлан гаргах хугацаа нь бага зэрэг хойшлогдох төлөвтэй боллоо. Монголбанк болон ОУВС-ийн хувьд шалгалтыг чанартай, мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхээр зорьж байгаа тул шалгалтыг тодорхой хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлээд байна.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин