Н.Баяртсайхан: Төлбөрийн систем дэлхийн шилдэг түвшинд хүрнэ
Үндэсний төлбөрийн системийн шинэчлэлийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.
Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдах, зохицуулах, хянах нь аливаа Төв банкны үндсэн үүргийн нэг. Түүхэн замналаас яриагаа эхлэх нь зөв болов уу?
Монгол Улсын төлбөрийн системийн дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг Монголбанкны үе үеийн удирдлагууд шат дараалалтайгаар хэрэгжүүлж иржээ.
Монгол Улсын Банкны тухай хуулийг 1991 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр батлан гаргаснаар Монгол Улсад Төв банк, арилжааны банк гэсэн 2 шатлал бүхий банкны тогтолцоо бүрэлдэн тогтож, арилжааны банкны хэм хэмжээ, эрх, үүргийг уг хуулиар зохицуулах болов. Төв банк (Монголбанк)-ны тухай хууль 1996 онд батлагдсанаар банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах Монголбанкны үйл ажиллагааг зохицуулжээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 1995 онд батлагдаж, бэлэн бус төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккердетив, чек, вексель, төлбөрийн картаар гүйцэтгэж байна.
Үүний дараа Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгээр төлбөр тооцооны системийн шинэчлэлийн анхны томоохон төслийг 2002-2006 онд хэрэгжүүлж Монголбанкны төлбөр тооцооны одоогийн сүлжээ, дэд бүтэц, Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ) байгуулагдсан байна. ҮЦГТ нь Монгол улсын төлбөрийн системийн оролцогч хоорондын бага дүнтэй төлбөр болон картын гүйлгээг боловсруулж, мөнгөн хөрөнгийн урсгалыг баталгаажуулж буй чухал ач холбогдолтой төв юм. Монголбанкны ҮЦГТ 2004 онд байгуулагдсанаар бага дүнтэй гүйлгээний шилжүүлгийн цахим системийг, 2010 онд банк хоорондын картын нэгдсэн сүлжээг тус тус нэвтрүүлж, 2014 онд бага дүнтэй төлбөр тооцоог 24 цагаар тасралтгүй дамжуулж эхэлсэн нь төлбөрийн аюулгүй байдлыг сайжруулж, хурдыг нэмэгдүүлэн, эрсдэлийг бууруулав. Түүнчлэн, өмнө нь их дүнтэй болон бага дүнтэй кредит шилжүүлгийг нэг системээр дамжуулан боловсруулж байсан бөгөөд Монголбанк 2009 онд их дүнтэй төлбөрийг бодит цагийн горимоор гүйцэтгэх төлбөр тооцооны систем (RTGS) буюу Банк сүлжээ системийг нэвтрүүлж, их дүнтэй бүх төлбөрийг шинэ системээр дамжуулж байна.
Мөн төлбөр тооцооны эрхзүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд хэрэгжүүлсэн чухал ажлын нэг нь 2017 оны 5 дугаар сард батлуулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн Монгол Улсын “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль” зүй ёсоор орно. Энэ хууль нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд Үндэсний төлбөрийн системийн шинэчлэлийн үйл ажиллагаанд цоо шинэ хуудас нээж өгч байгаа билээ.
Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Шат дараатай авч хэрэгжүүлсэн эдгээр томоохон ажлын үр дүнд манай улсын Үндэсний төлбөрийн системийн шинэчлэл улам бүр гүнзгийрч байна.
Та Монголбанкны хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн талаар дурдлаа. Төлбөрийн системийн шинэчлэл төслийн зорилго, төслийн хүрээнд ямар ажил хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар арай дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Энэ төслийн гол зорилго нь санхүү, төлбөр тооцооны системийн орчин үеийн чиг хандлага, цахим технологи дээр үндэслэн, дэлхийн шилдэг техник технологийг ашиглан Үндэсний төлбөрийн системийг цоо шинэ түвшинд гаргахад оршино.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монголбанк нь Үндэсний цахим гүйлгээний төвийн сүлжээний техник хангамж болон нөөц дата төвийг шинэчлэх, үндсэн сүлжээг өргөтгөх, банк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS системийг шинэчлэх, банк санхүүгийн байгууллагуудад цахим гарын үсгийн дэд бүтцийг бий болгох ажлыг бүрэн хийж гүйцэтгэв.
Дараагийн үе шатанд ҮЦГТ-ийн үндсэн дата төвийг шинэчлэх, банк хоорондын бага дүнтэй гүйлгээний систем (ACH +) шинээр суурилуулах, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон Төв банкны арилжааны системийг шинээр худалдан авах, үндэсний төлбөрийн ₮ картыг шинэчлэх, чип/зайнаас уншдаг технологид шилжүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна.
Үүнээс гадна Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын систем нийлүүлж, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаж, нийлүүлэгч компанитай 2019 оны 6 дугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ажлыг эхлүүллээ.
Монголбанкны ҮЦГТ, түүний үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар тодруулна уу?
Монголбанкы ҮЦГТ-ийг Дэлхийн банкны төслийн хүрээнд банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах, банк хоорондын төлбөр тооцооны хөгжлийг дэмжих үндсэн зорилготойгоор 2004 онд анх байгуулжээ. Байгуулагдсан цагаас хойш Монголбанкны ҮЦГТ нь манай улсын банк, санхүүгийн байгууллага дундын өдөр тутмын бага дүнтэй төлбөр тооцоог баталгаатай, нууцлалын өндөр түвшинд дамжуулж буй гол төв болон хөгжөөд байна. Хүмүүс тэр бүр анзаардаггүй хэдий ч иргэд, байгууллага бүр бага дүнтэй буюу 3 сая төгрөгнөөс бага дүнтэй гүйлгээг нэг банкнаас өөр банкинд шилжүүлэх, нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэх эсвэл картын төлбөр тооцоо гарах бүрт ҮЦГТ-ийн дэд бүтцээр дамжиж, мөнгөн хөрөнгийн баталгааг нь Монголбанкинд байрлах арилжааны банкуудын харилцах дансаар дамжуулан хангадаг.
Монголбанкнаас төлбөр тооцооны системийн ирээдүйн хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд ҮЦГТ-ийн дэд бүтэц болон хүний нөөцийн чадавхийн хөгжил чухал ач холбогдолтой байна.
Бид ҮЦГТ-ийн дэд бүтэц, хүний нөөцийн чадамжийг сайжруулах, тус төвийг цаашид бэхжүүлэх зорилгоор АХБ-ны төслийн дэмжлэгээр ҮЦГТ-ийн шинэ байрыг барих, техникийн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Монголбанкны ҮЦГТ-ийн шинэ барилга баригдаж, 2020 онд ашиглалтад орсны дараа бид төлбөр тооцооны системийн орчин үеийн хамгийн тэргүүний шаардлагад нийцсэн мэдээллийн технологийн иж бүрэн дата төв, банк дундын сүлжээний нууцлал аюулгүй байдлыг хянаж, халдлагаас сэрийлэх мэдээллийн аюулгүй байдлын дата төв зэргийг байгуулах болно.
Сүүлийн үед төлбөр тооцооны систем хурдан хөгжиж байгаа, мэдээллийн технологийн хэрэглээ өргөжиж байгаа зэргээс хамааран мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын талаар хөндөж ярих боллоо. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Ер нь төлбөрийн систем гэдэг бол улс бүрийн хувьд онцгой ач холбогдолтой, аюулгүй байдлыг чухалчлан хангаж байх ёстой онцгой дэд бүтцийн нэг юм. Тийм учраас аливаа улсын төлбөр тооцооны дэд бүтэц, үндсэн системүүд тухайн улсынхаа төв банкны хяналтад байдаг, үндэсний аюулгүй байдалд онцгой нөлөөтэй дэд бүтцэд тооцогддог. Манай улсын хувьд Монголбанкны ҮЦГТ нь банк хоорондын төлбөр тооцооны үндсэн сүлжээ, дэд бүтцийг байгуулан хариуцаж байна.
2018 онд бид банк дундын цахим гарын үсгийн баталгаажуулалтын систем, түүний техникийн дэд бүтцийг ҮЦГТ-д бий болголоо. Банк санхүүгийн байгууллага дундын мэдээлэл солилцоо, төлбөр тооцоог цахим гарын үсгээр баталгаажуулж, нууцлал аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах боломжтой болж байна гэсэн үг.
Монголбанкнаас санаачилж, олон нийтийн хүртээл болгосон, үр дүнгээ өгсөн, хүн бүр ашиглаж байгаа чухал төлбөрийн хэрэгслийг үндэсний ₮ карт гэж иргэд үздэг. Бид өдөр тутмын хэрэгцээнд ₮ картаа ашиглаж, одоо үндсэндээ миний хувьд ₮ карт гол төлбөрийн хэрэглээ болсон. Бусад иргэдийн хувьд ч адил байгаа болов уу.
Үндэсний ₮ карт манай иргэдийн дотоод төлбөр тооцоондоо өдөр тутам, хамгийн өргөн хэрэглэдэг төлбөрийн хэрэгсэл юм. Үндэсний ₮ картынхаа нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор чип технологитой болгох ажлыг хийж байна. Бид энэ ажлаа олон улсын томоохон картын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, тэдний нэгэнт туршигдсан, баталгаатай болсон технологийн шийдлүүдийг шууд ₮ картдаа авч ашиглахаар яриа, хэлэлцээ өрнөж байна.
Монголбанкнаас үндэсний ₮ карт нь дотоод төлбөр тооцоонд тэргүүлэх төлбөрийн хэрэгсэл байх бодлого барьж, ₮ картын хэрэглээг бүх талаар дэмжих, нууцлал аюулгүй байдлыг сайжруулах, эдийн засгийн хувьд ₮ картыг гаргагч, дэмжигч байгууллагуудад үр өгөөжтэй байлгах талаар бүх талаар дэмжиж ажиллана. ₮ картыг чип технологитой болгох ажил хийж байгаатай холбогдуулан ₮ картынхаа лого, зарим дизайныг өөрчилж шинэчлэх ажлыг үе шаттай хийж байна. Үндэсний ₮ картаа олон улсын төлбөр тооцоонд гаргах, гадаад улс орнуудад хэрэглэх боломжтой болгох чиглэл баримталж байна. ₮ картыг гадаадын улс орнуудад ашигладаг болгох чиглэлээр олон улсын томоохон картын байгууллагууд, бусад улсын төв банкуудтай хэлэлцээр ид хийж эхлэв.
Манай иргэдийн төлбөр тооцоогоор дамжуулан төрөөс хүртдэг үйлчилгээнүүдийн нэг нь төрийн зүгээс хэрэгжүүлж байдаг нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ шүү дээ. Жишээ нь, хүүхдийн мөнгө олгох, эмзэг бүлгийн иргэдэд олгодог татаас ч гэдэг юм уу. Төрийн эдгээр үйлчилгээ авч буй иргэд төлбөрөө хүлээх авахад зарим хүндрэлтэй тал байдаг. Энэ талаар ямар үр дүн гарах вэ?
Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим төрлийн төрийн үйлчилгээний төлбөр тооцоог иргэдэд хүргэхэд Монголбанк ҮЦГТ-өөрөө дамжуулан оролцдог. Эдгээр үйлчилгээг иргэдэд хүргэхэд Монголбанк, Сангийн яам болон төрийн бусад байгууллагатай хамтран шат дараалалтай арга хэмжээ авч, аль болох түргэн шуурхай, чирэгдэлгүй байхаар зохицуулан ажиллаж байна. Монголбанк нь Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг эхлүүлж, үүнд нийцүүлэн хууль эрх зүйн орчны зохицуулалтыг бий болгож, өөрийн системд програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх дэд бүтцийг бий болгоод байна. Одоогийн байдлаар иргэд Нийслэлийн цахим үйлчилгээний Eservice порталаар дамжуулан, мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд байрших ПОС төхөөрөмж ашиглан төрийн үйлчилгээний төлбөрөө шууд төлөх боломжтой. Тодруулбал иргэд банкинд очихгүйгээр, аль ч банкны карт ашиглан давхар зардал, чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах юм.
Мөн Төрийн үйлчилгээ авч буй иргэний төлбөр тооцоо нь Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системээр дамжин боловсруулагдаж, тухайн агшин бүрт харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор хийгдэж байна. Цаашид Монголбанк нь төрийн үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй байлгах, үйлчилгээний таатай орчныг бүрдүүлэхэд Засгийн газар, түүний харъяа агентлагууд, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, банкууд, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л байгууллагуудтай хамтран ажиллаж, төрийн төлбөр тооцооны үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй болгоход хувь нэмэр оруулан ажиллах болно.
Бид Монголбанкны шинээр нэвтрүүлж буй төлбөр тооцоо, шинэ дэвшилтэй ажлуудын талаар ярилцлаа. Энэ том төслийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн чадамжийг сайжруулах талаар ажил хийгдэх үү?
Монголбанкны болон төлбөр тооцооны салбарын ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах, сургаж дадлагажуулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх явдал маш чухал боллоо. Мэдээллийн технологи, төлбөр тооцооны чиглэлийн мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдийн хэрэгцээ их байна.
Үндэсний төлбөрийн системийн хууль нь банк бус компаниуд энэ салбарын оролцогч байх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгогч байх боломж олгосон нь энэ салбарын өрсөлдөөн, хүний нөөцийн чадавхийн хөгжилд эергээр нөлөөлж, дэмжлэг болж байна.
Монголбанкны болон арилжааны банкуудын мэдээллийн технологи, төлбөр тооцооны холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, сургалтад хамруулах ажил үе шаттайгаар хийгдэх болно.
Эх сурвалж: undesten.mn
|