МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Тус зөвлөл улирал тутамд хуралддаг юм. Хурлаас бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцэх бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхжлийг дэмжинэ хэмээн үзжээ.
Энэ талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ удаад хэвээр байлгахаар шийдвэрлэлээ.
Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляц зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляц 2019 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 7.9 хувьтай гарлаа.
Өнгөрсөн сараас дэлхийн худалдааны сөргөлдөөн гүнзгийрч, АНУ, БНХАУ импортын зарим барааны тарифыг харилцан нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, гадаад орчны тодорхой бус бус байдлыг нэмэгдүүллээ. Цаашид худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа нь уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж дуусах, гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байна.
Иймд макро эдийн засгийн бодлогын дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх, улс орон, аймаг, орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүн хуримтлал, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага эн тэргүүнд тавигдаж байна." гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|