Н.Баяртсайхан АХБ-ны захирлуудын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон бусад удирдлагууд өнөөдөр /2019.06.14/ Азийн хөгжлийн захирлуудын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АХБ-ны бүс, улс хариуцсан Гүйцэтгэх захирлууд болох Кшатрапи Шижави, Шижүн Чэн, Сюркани Ишак Касим, Ин Чан Сон, Шахид Махмуд, гүйцэтгэх захирлын орлогч Скот Даусон, Энрик Галан, Лина Вилжанен нар болон тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёландо Ф.Ломен, ахлах эдийн засагч Деклан Маги нар байлцав.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд Азийн хөгжлийн банкны үзүүлсэн дэмжлэг, туслалцаа их болохыг онцолж, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл” төсөл нь Монгол Улсын банк, санхүүгийн системийн хөгжилд өндөр ач холбогдолтой болохыг дуулгалаа. Мөн АХБ-ны санхүүжилтээр баригдаж буй Үндэсний цахим гүйлгээний төвийн шинэ барилгын ажил амжилттай үргэлжилж байгааг танилцуулав.
Энэ үеэр Монголбанкнаас “Монгол Улсын эдийн засаг: Сорилт болон бодлого”, “Актив удирдлагын компанийн тухай хууль”, “Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хэрэгжилт”-ийн талаар танилцуулга хийлээ. Азийн хөгжлийн банкны гүйцэтгэх захирлууд Монголын эдийн засагт богино хугацаанд сэргэлт гарч байгааг сайшааж, үүнд төсөв, мөнгөний хосолсон бодлого чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. Мөн бүтцийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэх нь чухал болохыг захиж, тулгарч буй сорилтуудаа олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг, тусламжтайгаар амжилттай даван туулна гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Азийн хөгжлийн банк нь 1991 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 337 төсөл, арга хэмжээнд 2.34 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны санхүүжилт олгожээ.
Эх сурвалж: Монголбанк
|