Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нэгж байгуулна
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Азийн хөгжлийн банктай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулжээ.
- Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах,
- Санхүүгийн боловсрол олгох,
- Соён гэгээрүүлэх,
- Банкны хариуцлага чадамжийг дээшлүүлэх,
- Төрийн зохицуулагч байгууллагын хяналтыг шинэ түвшинд гаргах зорилго бүхий Техникийн туслалцааг энэ оноос 2021 оныг хүртэл 2 жилийн хугацаанд дээрх 3 байгууллага хэрэгжүүлнэ.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх нэгж байгуулах, түүний ажилтныг сургах, санхүүгийн маргааныг шүүхийн бус журмаар хурдан шуурхай шийдвэрлэх тогтолцоо буюу бие даасан санхүүгийн омбудсман байгуулах, санхүүгийн боловсрол олгоход анхаарч ажиллахаар тохиролцов.
Техникийн туслалцааны хүрээнд санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих арга хэмжээг авах, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тогтолцоог сайжруулах ажлыг хийнэ.