Шинээр олгосон зээлийн 29 хувь нь худалдааны салбарт олгогджээ
2019 оны нэгдүгээр сард банкны салбараас шинээр олгосон зээлийн 29 хувь буюу хамгийн их хэмжээний зээлийг худалдааны салбарт олгосон байна. Харин гурван хувийг уул уурхай, 4.2 хувийг барилгын салбарын компаниудад олгожээ.
Нийт шинээр олгосон зээлийн хэмжээ өмнөх сараас 48 хувиар буурч, 1.5 орчим их наяд төгрөг хүрээд байгаа аж. Монголбанкнаас 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараар хязгаарласан юм. Энэ шийдвэрийн дүнд зээлийн нийлүүлэлт бизнест шилжинэ гэж үзэж байгаа ажээ.
Дотоодын томоохон банкнууд бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Тухайлбал, ХААН банкны гаргадаг “Шуурхай бичил зээл” сүүлийн үед эрэлт ихтэй байгаа юм байна. Энэ төрлийн зээлийн хүү сарын 1.7-2.0 хувь бөгөөд 18 сарын хугацаатай, хөдлөх хөрөнгө барьцаалан олгох юм.
Мөн Худалдаа, Хөгжлийн банк бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байна. Хөдлөх хөрөнгөө барьцаалаад нийт 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжийг олгожээ. Энэ төрлийн зээлийг жижиглэн болон бөөний худалдааныхан түлхүү сонирхож байгааг тус компаниас мэдээллээ.
Харин Хасбанк бичил бизнесийн зээл санал болгож байна. Зээлийн хугацаа 36 хүртэл сар, дээд хэмжээ нь 30 сая төгрөг хүртэл байх боломжтой юм. 2018 онд худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оноос 9.3 хувиар өсөж, 17.2 их наяд төгрөг болжээ. Энэ хугацаанд эдийн засаг 6.9 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалыг даваад байгаа юм.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|