Б.Баярдаваа: Эдийн засгийн төлөв, инфляцийн төсөөллийг шинэчлэх ажил хийгдэж эхэлсэн

2019 оны 2 сарын 20

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.      

-Инфляци өнгөрсөн сард 7.3 хувьтай гарсан байна. Энэ нь төв банкны төсөөлөлтэй хэр нийцэж байна вэ?

-7.3 хувийн өсөлт нь төв банкны зорилтот түвшин болох найман хувиас доогуур байна. Сүүлийн үед мөнгөний бодлогын шийдвэрүүд нь инфляцийг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэгдэж байгаа. Мөн 2020 оноос инфляцийн зорилтыг зургаан хувь болгож, бууруулахаар ажиллаж байна. Хамгийн өндөр зарласан инфляцийн түвшин Улаанбаатар хотын хэмжээнд 8.1 хувь гэдгийг Үндэсний статистикийн хороо зарлалаа. Энэ дотроо бүтцийг нь аваад үзвэл мах, хатуу түлш, шатахуун гэсэн гурван төрлийн бараа, бүтээгдэхүүн сүүлийн хэдэн сарын инфляцийн өсөлтөд том нөлөө үзүүлж ирсэн. Нэгдүгээр сарын инфляцийг харахад, Улаанбаатар хотын хэмжээнд эдгээр гурван бараа, бүтээгдэхүүн тайлбарлаж байгаа. Өнгөрсөн сараас ялгаатай нь юу байна вэ гэхээр шатахууны үнэ харьцангуй буурснаар үнийн өсөлтөд үзүүлэх нөлөө нь 0.7 нэгж болж буурсан. Харин эсрэгээрээ махны үнэ инфляцийн 2.1 нэгж хувь болж өссөн. Хатуу түлшний үнэ 1.7 пункт болж буурсан. Энэ гурван бараа, бүтээгдэхүүн нийт инфляцийн дөрвөн хувийг бүрдүүлж байгаа юм. Төв банк инфляцийг тогтворжуулах шийдвэрийг гаргахдаа суурь дарамтыг байнга харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн буюу нэг удаагийн шинжтэй дарамтыг ялгаж хардаг байгаа. Ингээд харахаар сүүлийн дөрвөн улирлын байдлаар суурь инфляцийн хэмжээ 3.7-4.5 орчим хувьд хэлбэлзэж байна. Энэ бол инфляци тогтвортой байгааг илтгэсэн үзүүлэлт.

-Засгийн газрын зүгээс цалин тэтгэврийг нэмэгдүүлж байгаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр очиж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэхийн хэрээр инфляцийн дарамт нэмэгдэх хүлээлттэй байна. Засгийн газрын эдгээр бодлогууд төв банкнаас тооцоолж буй инфляцийн зорилтот түвшинтэй хэрхэн уялдах бол?

-2019 оны батлагдсан төсвөөр цалин, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж байгаа. Оны эхэнд тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн. Дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр хүлээгдэж байна. Цалингийн өсөлт иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ. Гэхдээ сүүлийн үед иргэдийн хэрэглээний зээл нэмэгдэж, өрийн дарамт өссөн. Тийм учраас цалингийн өсөлт нь өрийн дарамтыг бууруулах чиглэлд илүү нөлөө үзүүлнэ гэж бид харж байгаа. Гэхдээ цалингийн өсөлт бий болж байгаа учраас худалдан авалттай уялдуулаад, бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ ханган нийлүүлэлт, нөөц дээр тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байх нь зөв болов уу. Ингээд бодохоор худалдан авалтаар дамжаад инфляцид тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх боловч, тэр нь тийм ч хүчтэй байж чадахгүй.

-Хэрэглээний зээлийг хязгаарлах макро зохистой бодлогын шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн. Түрүүчээсээ үр дүн нь харагдаж байгаа байх?

-Хамгийн түрүүнд макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээл дээр арга хэмжээ авсан шалтгааныг том зургаар нь харвал зээлийн эх үүсвэрийг хэрэглээ бус бизнесийн төслүүд рүү гаргах зорилготой. Арилжааны банкны зээл олгох эх үүсвэр хязгаартай. Энэ нь тухайн банкны бизнес төлөвлөгөө, Монголбанкнаас тавьж байгаа зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд зэргээр хязгаарлагдаж байгаа. Тэгэхээр нэгэнт хязгаарлагдмал байгаа эх үүсвэрийг юунд хуваарилах вэ гэдэг нь бодлого боловсруулагчдын анхаарах ёстой зүйл юм. Хэрэглээний зээлээс илүүтэйгээр бизнесийн зээл рүү чиглүүлж өгвөл энэ маань ажлын байрыг нэмэгдүүлж, орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөллийг үзүүлнэ. Монголбанкны зүгээс хийж чадах зүйл нь банкны системээс гарч байгаа зээлийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, мөн зөв чиглэл рүү шахах бодлогыг 2018 оноос хойш авч хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд авсан нэг арга хэмжээ нь макро зохистой бодлогын арга хэрэгслүүд юм. Үүний анхны мэдээллийг төв банкны Ерөнхийлөгч арилжааны банкуудын удирдлага руу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Та бүхэн бизнесийн зээл рүү түлхүү анхаарал хандуулж ажиллаарай.  Хэрэглээний зээл нэлээд хурдтай өсч байна. Энэ нь цааш удаан үргэлжилбэл, иргэдийн өрийн дарамтаар дамжаад хүндрэл учруулж болзошгүй байна” гэдгийг хүргэсэн. Энэ нь зах зээл дээр маш тодорхой мессежийг өгсөн. Арилжааны банкууд цаашид зах зээл дээр бизнесийн зээл олголтон дээр анхаарахгүй бол болохгүй юм байна. 2015 оноос  хойш 2018 оны нэгдүгээр улирал хүртэл бизнесийн зээл огт өсөлтгүй байсан.  Энэ хандлага 2018 оны хоёрдугаар улирлаас нааштайгаар өөрчлөгдөж эхэлсэн. Одоо бизнесийн зээл 14-15 хувийн өсөлттэй байна. Энэ бол нааштай том үр дүн. Хоёрдугаарт, арилжааны банкуудын бизнесийн зээлийн зах зээл дээр өрсөлдөж байгаа өрсөлдөөн нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүгээр өрсөлдөж байгаа. Энэ утгаараа зээлийн жигнэсэн дундаж хүү 20 хувиас 17 хувь руу буурсан. Бизнесийн зээлийг дотор нь задлаад харвал 15-16 орчим хувийн хүүтэйгээр бизнесийн зээлийн нэлээд томоохон хэсэг зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа. Эдгээр нь санхүүгийн систем дээр гарч байгаа нааштай өөрчлөлтүүд юм.

-Мөнгөний бодлогын зөвлөлийн авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд энэ онд хэрхэн гарах бол. Оны эхний улиралдМөнгөний бодлогын зөвлөл хуралдана. Бизнес эрхлэгчид энэ хурлаас ямар хүлээлттэй байж болох вэ?

-Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь 2019, 2020 оны эдийн засгийн төлөв ямар байх, тэр дундаа инфляцийн өсөлт ямар байх вэ гэдэг дээр тулгуурлана. Өнгөрсөн баасан гарагт статистикийн хороо мэдээллээ зарласан. Эдийн засгийн төлөв, инфляцийн төсөөллийг шинэчлэх ажил өнгөрсөн долоо хоногийн сүүлээс хийгдэж эхэлсэн. Инфляцийн богино хугацааны төсөөллийг эхний байдлаар гаргахад, 2019 оны эхний хоёр улиралд 7.5-7.7 орчим хувьтай байхаар урдчилсан тоо харагдаж байгаа. Энэ төсөөлөл эцэслэгдсэний дараа 2019 оны эцэст инфляцийн төлөв байдал ямар байх, 2020 онд ямар байх вэ гэдэг төсөөллүүдийг дахин хийнэ. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл бидний өмнөх төсөөллөөр 6.7 орчим хувьтай байхаар гарсан нь хэрхэн өөрчлөгдөх вэ зэрэг асуудал бий. Энэ бүх тооцоололд үндэслэж, мөнгөний бодлогын шийдвэр гарна.

-Та сая эдийн засгийн өсөлтийг дурдлаа. Өнгөрсөн жилд эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарсан. Тэгвэл 2019 онд энэ өсөлтийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх бол?

-2019 оны хувьд статистикийн хорооноос танилцуулсан шинэ тоон дээр үндэслээд, шинэ төсөөллийг удахгүй гаргана. Өмнөх мөнгөний бодлогын хорооны хурал дээр танилцуулснаар бол эдийн засгийн өсөлт 6.6-6.7 хувь гэсэн таамаглал бий. 2018 оны хувьд эдийн засгийн өсөлт бидний төсөөллөөс давж гарсан. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сарын үзүүлэлтүүдэд үндэслээд бид эдийн засгийн өсөлтийг 6.5-аас дээш, 6.7 орчим хувьтай гарах болов уу гэж төсөөлж байсан. Гэтэл 6.9 хувь гарлаа.  2019 оны хувьд эдийн засгийн төлөв байдал харьцангуй сайн байхаар байна. Учир нь 2017, 2018 онуудад эдийн засагт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Та бүхэн эдийн засгийн өсөлтийг дотор ньзадалж харвал хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 онд 28 хувиар өссөн. Экспортын өсөлт мөн 17-18 хувьд хүрсэн. Үүн дотроо хувийн хэрэглээний өсөлт харьцангуй бага буюу  3.3 хувь. Гэхдээ нийт 6.9 хувийн өсөлт дотроо 1.3 орчим хувийг нь бүрдүүлж байгаа. Ингээд харахаар 2017, 2018 онд хийсэн том хөрөнгө оруулалтын үр дүн 2019, 2020 оны эдийн засгийн төлөвт сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл,  аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд томоохон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зардал бага байна. Нэгэнт хийсэн хөрөнгө оруулалт, үндсэн хөрөнгийн ашиглалтууд явна. Мөн тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгө болон бага хэмжээний санхүүжилтүүд банкны системээс тасралтгүй хийгдэнэ. Тэгэхээр 2018 онд банкны системээс нийлүүлэгдсэн нийт зээлийн хэмжээ 3.9 их наяд төгрөг байгаа. Энэ нь өсөлтийн хувиараа бол 20 орчим хувьтай байна. Зээлийн өсөлт энэ түвшингээ барина. Тэгэхээр дотоод талдаа санхүүжилтийн эх үүсвэр гайгүй, хөрөнгө оруулалтын үр ашиг гарч эхэлнэ. Мөн цалингийн өсөлт хэрэглээн дээр дэмжлэг үзүүлнэ. Экспортын салбарыг авч үзвэл экспортын үнэ харьцангуй гайгүй байна. Үүний давуу талууд гарах байх гэж бодож байна. 

 

Эх сурвалж: https://www.mongolbank.mn/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600390
0 эможи

keyboard_arrow_up