Засгийн газрын баталгаагүй гаргасан МУХБ-ны бонд “Азийн шилдэг хэлцэл”-ээр шалгарлаа
2018 онд Монгол Улсын Хөгжлийн Банк Засгийн газрын баталгаагүй бондыг анх удаа олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан нь Монголдоо төдийгүй Азид анхдагч болж “Шилдэг Хэлцэл”-ээр шалгарлаа. Азийн Санхүүгийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Finance Asia”-ийн 2018 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол энэ сарын 13-нд Хонг-Конг-д зохион байгуулагдлаа.
Бондыг хямд, бага зардалаар гаргасан. Гадаад өрийн бүтцийн өөрчлөлт хийж байгаа зэрэг нэмэлт үндэслэл нь МУХБ-наас гаргасан бондыг “Шилдэг Хэлцэл”-ээр шалгарах гол шалгуур болсон юм.
Монгол Улсын Хөгжлийн банк 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан билээ. МУХБ-наас анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр бонд гаргасан явдал нь Манай улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал болсон юм.
Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь МУХБ-ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байв. Зах зээлийн эрэлт өндөр байсан нь Монгол Улс болон МУХБ сүүлийн жилүүдэд дэлхий даяар хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоогоо сайжруулах, өргөжүүлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсний үр дүн байлаа хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байв. Улмаар олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ-наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтож чадсан.
5 жилийн хугацаатай бондыг 7.25%-ийн купонтой арилжаалсан. Бондыг хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтуудыг Хонгконг, Сингапур, Лондон, Бостон болон Нью-Йорк хотуудад хийсэн юм.
Монгол улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн ч гадны зах зээлээс хөрөнгө татахад эрсдэл буурч, хүү өртөг хямдрах нөхцөл боломж бүрдсэнийг батлан харуулснаараа “Шилдэг хэлцэл” ихээхэн ач холбогдолтой байв.
МУХБ энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авсан нь эдийн засгаа эрчимтэй сэргээж буйг олон улсад хийгээд,хөрөнгө оруулагчдад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний илэрхийлэл боллоо.
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн Банк
|