Хэрэглээний зээл 2018 оны сүүлийн 2 сард огцом өссөний дийлэнхийг автомашины зээл эзэлжээ
Хадгаламж 18.3%-аар өсжээ
Монголбанк өнөөдөр ээлжит хурлаа хийж, 2018 оны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө.
М2 мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 22.8%-д хүрч, 19.5 их наяд төгрөгт хүрэв. Энэхүү мөнгөний нийлүүлэлтийн 70 хувийг төгрөгийн, 27 орчим хувийг валютын харилцах болон хадгаламжийн данс, үлдсэн 3.4 хувь иргэдийн гар дээр буюу зах зээлд бэлэн эргэлдэж байгаа мөнгө аж.
Бас нэгэн онцлох эерэг үзүүлэлт нь хадгаламжийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 18.3%-аар өсжээ. Хадгаламжинд эзэлж буй долларжилт
- Иргэдийн хадгаламжийн 12.6%
- ААН байгууллагын хадгаламжийн 41.1%-ийг эзэлж байна.
Хэрэглээний зээл оны сүүлийн хоёр сард огцом өссөний дийлэнхийг автомашины зээл эзлэв
Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оноосоо 26 хувиар өсөж, 17.1 их наяд төгрөгт хүрсний дотор иргэдийн хэрэглээний зээл өмнөх оноос 35% өссөн. Тийм ч учраас Монголбанк өр, орлогын харьцааг 70:30-аар хязгаарлах бодлогыг энэ оноос хэрэгжүүлээд буй. Энэхүү шийдвэр нэгдүгээр сард хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор иргэдийн хэрэглээний зээл 2018 оны сүүлийн хоёр сард эрчимтэй нэмэгджээ. Ялангуяа, автомашины зээл зонхилсныг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир онцоллоо. Зээлийн үлдэгдэл зөвхөн арванхоёрдугаар сард 506 тэрбум төгрөгөөр өсжээ.
Нийт зээлийг бүтцээр нь авч үзвэл:
- Цалин тэтгэвэр - 26%
- Худалдаа - 14%
- Үл хөдлөх хөрөнгө буюу ипотекийн зээл - 11%
- Боловсруулах - 8%
- Барилга - 9%
- Уул уурхай - 7%
- Хадгаламж барьцаалсан - 3%
- Санхүү, даатгал - 3%
- Автомашин - 3%
- ХАА - 2%
- Бусад - 15% байна. 2018 оны хувьд бизнесийн зээл 17 хувийн өсөлттэй гэсэн эерэг үзүүлэлт гарсан.
Харин чанаргүй зээл 2018 оны арав, арваннэгдүгээр сард огцом өссөн бол арванхоёрдугаар сард 283 тэрбум төгрөгөөр буурсан. Энэ нь жижиглэн, бөөний худалдаа, уул уурхайн салбар сэргэсэнтэй холбоотой буюу тус салбаруудын чанаргүй зээл буурсан байна. Гэсэн хэдий ч чанаргүй зээлийн хамгийн өндөр буюу 27%-ийг уул уурхайн салбар эзэлж байгаа бол боловсруулах үйлдвэр, барилгын салбар нийлээд 35 хувийг эзэлж байгаа юм. Хугацаа хэтэрсэн зээлийн хувьд ч барилгын салбар толгой цохиж байна. Товчхондоо нийт чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлүүдийн 85 хувийг байгууллагын зээл бүрдүүлжээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|