СЗХ-ноос хууль бус аргаар хөрөнгө татаж буй зарим байгууллагыг нэрлэлээ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6-р зүйлийн 6.1.1-д “Хороо нь санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих”, 6.1.3-д “санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, ...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлгыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих “ бүрэн эрхтэй гэж хуульчилсан. Түүнчлэн Хороонд санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах чиг үүргийг оноосон бөгөөд холбогдох хууль, тогтоомжийн дагуу Хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээл, эдгээр салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэн баталгаажуулж, хянан зохицуулж ажилладаг.
Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлаж, иргэдээс хөрөнгө, мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, 2018 оноос “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК зэрэг байгууллага зохицуулалтгүй, хууль бус үйл ажиллагааг “эрсдэлгүй хөрөнгө оруулалт”, “даатгагдсан хөрөнгө оруулалт” гэх мэтээр сурталчлан явуулах боллоо. Холбогдох хууль тогтоомжоор “хөрөнгө оруулалтын хэрэгсэл”-ийг Хороо тогтоох төдийгүй үнэт цаас, нэгж эрх зэрэг санхүүгийн аливаа хэрэгслийг Хороо бүртгэж, зөвшөөрөл олгохоор хуульчилсан байдаг. Иймд Хорооны зохицуулалтад хамаараагүй, холбогдох зөвшөөрөл, эрх аваагүй хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг дээрх байгууллагуудад хариуцлагатайгаар мэдэгдэхийн сацуу санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахдаа тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягталж, эрх зөвшөөрөлгүй, луйврын үйл ажиллагаанд өртөж хохирохоос сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна.
Иргэн Та өөрийн итгэл үнэмшлээр санхүүгийн аливаа үйл ажиллагаа, хэрэгсэлд хөрөнгө оруулах нь нээлттэй ч Хорооны зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй хэрэгслийг сонгосон тохиолдолд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг өөрөө бүрэн хариуцахыг албан ёсоор мэдэгдэж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
2019.01.15