Монголбанк: Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2 дахин нэмэх боломжтой болсон
Арилжааны банкнуудад олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг дөрвөн хувиас нэг хувьд хүргэж буулгаснаар санхүүжилтийг одоогийн түвшнээс хоёр дахин нэмэх боломжтой болсон гэж Монголбанк мэдээллээ.
Ингэснээр одоогоор жилд гарч буй 300 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт 600 тэрбум давах боломжтой болох юм байна. Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлж, хүртээмжийг өсгөх Эдийн засгийн байнгын хорооны тогтоол батлагдаад байгаа бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр Сангийн яам, Монголбанк хамтран ажиллаж байна.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр болсон ч төсвийн алдагдлын түвшин нэмэгдэх учраас энэ ондоо Монголбанк хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон юм. Бодлогын хүүнээс 10 нэгж хувиар бага хүүтэй санхүүжилт олгосноор Монголбанкны алдагдал өсөх ч нийгмийн ач холбогдолтой хөтөлбөрийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж Монголбанк үзэж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин
"Ипотекийн зээлийн шинэчилсэн журам"-ыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж байгаа талаар “Барилга эм эн” мэдээллээ. Шинэчилсэн журмаар ипотекийн зээлийг зорилтот бүлэгт шилжүүлнэ гэж Сангийн яам өмнө нь мэдээлж байсан юм. Зорилтот бүлэгт дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц худалдан авч байгаа, анх удаа орон сууцанд орох гэж байгаа болон инженерийн дэд бүтэцтэй, стандартад нийцсэн амины орон сууц барих иргэдэд олгохоор тусгаад байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|