Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 12-нд болсон юм. Хурлаар төлбөрийн тэнцэл, гадаадын хөрөнгийн байршил, гадаад өрийн өнөөгийн байдлыг хэлэлцжээ.
Экспортын үйлдвэрлэл, үйлчилгээн дэх монголоос гаралтай хүчин зүйлс, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гадаадын зээл, хөрөнгө оруулалтыг үндэсний үйлдвэрлэл, суурь дэд бүтэц, ажлын байр олшруулахад бодлогоор чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Монголбанкнаас нэгтгэн, цахим хуудсанда нээлттэй мэдээлж буй гадаад төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалт, гадаад өрийн тайлан мэдээлэл олон улсын жишиг стандартад нийцсэн, бодлого боловсруулагчид, судлаачид, багш оюутан нарын гарын авлага болдог. Гэхдээ эдгээрийг иргэдэд илүү ойлгомжтой болгоход анхаарахыг зөвлөв. Экспортын үйлдвэрлэл, нэр төрлийг олшруулахад мөнгө, сангийн бодлого хэрэгслээр дэмжих нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах суурь мөн болохыг Монголбанкны хяналтын Зөвлөлийн гишүүд онцолжээ.
Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд тавьдаг хяналт шалгалт, эрсдэлийн талаар Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханы мэдээллээ. Зээлийн эргэн төлөлтийг хангахад тухайн зээлдэгчийн үйлдвэрлэл, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн худалдан авалт зэргээр дэмжиж ажиллах талаар холбогдох газруудтай хамтран ажиллах нь чухал гэж үзжээ.
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар Санхүүгийн мэдээллийн албаны захирал Х.Батчулууны сонсголыг авч хэлэлцээд тус албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, Олон улсын байгууллага, Монголын холбогдох байгууллагуудын зөвлөмжийн хэрэгжилтийг гаргаж танилцуулахыг зөвлөв. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон эрсдэлийг нарийвчлан тогтоох, оролцогчдын хамтын ажиллагаа, хариуцлагыг өндөржүүлэхийг зөвлөжээ.
Мөн Монголын нутаг дэвсгэрт аливаа гүйлгээг төгрөгөөр хийх тухай хуулийн заалтын хэрэгжилт, холбогдох судалгаа, мэдээлэл болон Хяналтын зөвлөлөөс санаачлан мэргэжлийн хүмүүс, байгууллагын оролцоотой хийж буй “Төгрөгийн тогтвортой байдал, төлбөрийн тэнцлийг хангахад тэргүүлэх ач холбогдол” бүхий судалгааны талаарх мэдээллийг сонссон байна.