Монгол төгрөгийг америк долларын эсрэг чангахан зогс гэж хэлэх эрх бидэнд байхгүй

2018 оны 10 сарын 12

Arslan.mn

Гадаад валютын орох гарах урсгалын дүнг илэрхийлдэг төлбөрийн тэнцлийн алдагдал 6-8 дугаар сард өсөж, 361 сая ам.долларт хүрсэн байна. Үүнийг дагаад төгрөгийн америк доллартай тэнцэх ханш он гарснаас хойш 5.7 хувь суларчээ.

Энэ оны эхний найман сард импорт дунджаар 40 орчим хувиар өссөн нь урсгал дансны алдагдал өсөхөд нөлөөлж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдлыг улам нэмэгдүүллээ.

Азийн Хөгжлийн Банкны мэдээлснээр энэ онд уул уурхайн хөрөнгө оруулалт эрчимжсэнээр урсгал дансны алдагдал цаашид өсөх хандлагатай байна. Учир нь уул уурхай дагасан гадаадын шууд хөрөнгө оруулалт буцаж хөрөнгө оруулалтын шинжтэй импорт болж гарч байгаа дүр зургийг төлбөрийн тэнцлийн тайлан харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл монголд орж ирсэн хэдэн “ногоон” уул уурхайн тоног төхөөрөмж, нүүрсний тээврийн төлбөр болж гадагшилж байгаа хэрэг юм.

Америк доллар “олж ирдэггүй” хэрнээ 1,000 ам.долларын үнэтэй утас барьж, 50 мянган ам.долларын машин унаж, хэдэн зуун төрлийн импортын бараа хэрэглэж буй монгол хүн бүрийн хөдөлмөрийн бүтээмжийн дүн 1 ам.доллар тэнцүү 2,500 төгрөг.

Нөгөө талаас АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ он гарснаас хойш гурван удаа өсгөж, 2.25 хувьд хүргээд байгаа нь хөгжиж буй орнуудад ам.доллар хомсдох гол шалтгаан боллоо. Ингэснээр төгрөг гэлтгүй дэлхийн бусад орны валютын ханш ам.долларын эсрэг суларсныг Монголбанк мэдээлж байсан. Харин бусад худалдааны түнш орнуудын валютын эсрэг төгрөг чангарсан дүр зураг байгаа юм.

Төв банкнаас ханшийн огцом хэлбэлзлийн үед валютын захад оролцож интервенц хийх хангалттай нөөц байгааг мэдэгдэж байгаа. Гадаад валютын албан нөөц 8-р сарын байдлаар 2.84 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өссөн үзүүлэлт болж байна. Гэхдээ ам.долларын ханш чангарсан үед Төв банкнаас их хэмжээний интервенц хийж болох ч энэ нь урт хугацаанд үр ашиггүй бодлого болох юм. Учир нь Монгол Улсын гадаад валютын албан нөөц импортын таван сарын хэрэглээг хангах хэмжээнд байгаа нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 2-3 дахин бага байна. Мөн богино хугацаат өр төлбөр барагдуулах олон улсын жишиг түвшинээс 10.4 нэгж хувь бага байгаа нь валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Тиймээс ам.долларын эсрэг нөөцөө цацаад байж болохгүй нь.

Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх урт хугацааны бодлогын үр дүнд монгол төрөг ноён долларын эсрэг өөртөө итгэлтэйгээр зогсож чадна. Ганцхан жишээ хэлэхэд л оны эхний 8 сарын байдлаар бид аялал жуулчлалын орох гарах урсгалаасаа 40 сая ам.доллар “алдсан” байх юм. Монголд ам.доллар оруулж ирж буй жуулчдаас ихийг бид өөрсдөө гадагш аялахдаа үрээд байна гэсэн үг шүү дээ. Нөгөө аялал жуулчлалыг эдийн засгийн гол тулгуур багана болгоно гэж олон жил ярьсан төрийн бодлогын үр дүн төлбөрийн тэнцэлд хасах тоогоор “нэмэр” болж байгаа хэрэг. Үүнээс гадна импортын өсөлт эрчимжсэн нь гадаад худалдааны ашгийг үлэмж бууруулж байна. Импортын эсрэг буцаагаад экспортолж буй зүйлс нь нүүрс, зэс, ноолуураас төдийлөн хэтэрч чадахгүй байгаа нь монгол хүний гадаад ертөнцөд борлуулж чадаж буй бүтээгдэхүүний хэм хэмжээ юм.

Зэс, нүүрсний үнийн тааламжтай нөхцөл л гадаад худалдааны ашгийг алдагдалд хүргэчихгүй барьж байгаа нь үнэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт талаа харвал наймдугаар сарын байдлаар 1.1 тэрбум ам.доллар орж ирсэн байна. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн валютын орох урсгалаас гадна Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын орох урсгал л гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг эзэлжээ. Улс төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн орчин гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн. Одоо буцаан татах гэж “зовж” буй.

Ингээд харахаад монгол төгрөгийг ам.долларын эсрэг чангахан зогс гэж хэлэх эрх бидэнд байхгүй мэт.

Нэмээд хэлэхэд ам.доллар “олж ирдэггүй” хэрнээ 1,000 ам.долларын үнэтэй утас барьж, 50 мянган ам.долларын машин унаж, хэдэн зуун төрлийн импортын бараа хэрэглэж буй монгол хүн бүрийн хөдөлмөрийн бүтээмжийн дүн 1 ам.доллар тэнцүү 2,500 төгрөг гэх томъёоллоор тавигдаж байна.

Эх сурвалж: Монголбанк

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595895
0 эможи

keyboard_arrow_up