Хөрөнгө оруулалтын хүсэлттэй “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА“
НҮБ-ын “Их түмэн санаачилга” зөвлөлдөх комиссын 18 дахь удаагийн хурал өнгөрсөн 21-22-нд Улаанбаатарт боллоо.
Уг комисст манай улсаас гадна БНХАУ, ОХУ, БНСУ багтдаг. Энэ удаагийн хуралд дээрх улсуудын Сангийн, Худалдаа, эдийн засгийн яам, Экспорт, импортын банкны удирдах албан тушаалтнууд оролцсон юм. Хуралдааны эхний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны санаачилгаар үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудыг танилцууллаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хурлын “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачилга” сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр “Гадаад худалдааны сүүлийн 10-аад жилийн статистик мэдээнээс харахад, манай улсын нийт бараа эргэлтийн 70-90 орчим хувийг “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай буюу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүнээс экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийжээ” гэсэн статистик мэдээлэл танилцуулаад, “Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахаар бэлтгэлээ хангаж байна. “Тавантолгой” төслийг хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, цахилгаан станц барих, зам тавих ажлыг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг УИХ 2012 онд баталснаар хөрөнгө оруулагчид манай улсаас дөлөх болсон. Тэгвэл энэ онд гадаадын хөрөнгө оруулалт 54 хувиар нэмэгдсэн нь эргэн сэргэж байгааг нь илтгэсэн үзүүлэлт гэж Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат илтгэлдээ дурдлаа. Засгийн газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан нь дэвшил болсон гэж тэрбээр онцолж байв. Хөрөнгө оруулагчийн гомдлыг хэлэлцэж, зохих ёсны дагуу шийдвэрлэж өгөх зорилгооор уг зөвлөлийг байгуулжээ. Мөн хэлтсийн дарга Л.Мөнбат Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд 16.1 тэрбум ам.долларын өртөг бүхий 115 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа дуулгалаа. Засгийн газар эдгээрийн 59-ийг нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр зэхээд байгаа аж. Манай улсад гадаадын хөрөнгө оруулагч 500 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилттэй төсөл хэрэгжүүлбэл тогтвортой байдлын гэрээ байгуулах гэнэ. Бусад тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ олгох, чөлөөт бүсэд хөрөнгө оруулбал таван жил татвараас чөлөөлөх, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх аж. Үүнээс гадна инновацын төсөл, бүтээгдэхүүнд санхүүгийн батлан даалт гаргах, үйлдвэр, технологийн паркад хөнгөвчлөх горимоор үйлчлэх, дэд бүтэц, үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухааны салбарт ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх гэх мэт татварын бус дэмжлэг үзүүлэх гэнэ. “Их түмэн санаачилга”-ын хэлэлцүүлэгт уул уурхайн салбарыг төлөөлж, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр танилцуулга хийсэн. Тус компанийнхан 67.5 сая ам.долларын санхүүжилт бүхий “Багануур” компанийн уурхайн өргөтгөл, шинэчлэл, мөн 18 сая “ногоон”-ы өртөгтэй “Шивээ-Овоо”-гийн уурхайн өргөтгөл, шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн 320 сая ам.доллароор төмөрлөгийн үйлдвэр барих, 215 сая “ногоон”-оор Тавантолгой-Ханги чиглэл, 176 саяар Тавантолгой-Чойр чиглэлд авто зам тавих гэнэ. Улмаар 6.9 тэрбум ам.доллароор Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн эрчим хүчний цогцолбор, 123 сая “ногоон”-оор Тавантолгойн ордод нүүрс баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарт газар тариалангийн үйлдвэрлэлийг тогворжуулах, мах, сүү боловсруулах, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх багц төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаагаа ХХААХЯ-ныхан танилцууллаа. Ингээд “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн ээлжит хурлыг зохион байгуулсан Монгол Улсын хөгжлийн банкны удирдлагуудаас цөөн асуултад хариулт авлаа.
ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ
ЭДИЙН ЗАСАГ РУУ ЧИГЛҮҮЛНЭ
Б.БАТБАЯР (Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал):
-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Хөгжлийн банк ямар оролцоотой байх вэ?
-Гадаадын хөрөнгө оруулагчид хоёр янзын зорилготой манайд ирж байгаа. Нэгдүгээрт, манайхтай худалдаа хийх, хоёрдугаарт ашигтай төсөлд хөрөнгө оруулж, өгөөж хүртэх зорилготой байдаг. Манай улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд суурь дэд бүтцээ сайжруулах, ашигтай төслүүд хэрэгжүүлэхэд анхаардаг. Мөн суурь дэд бүтэц, ашигтай төслийн өгөөжийг эдийн засагтаа эргэлдүүлэхэд анхаарч байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг ямар төсөлд оролцуулах нь нээлттэй, ойлгомжтой байх ёстой. Хөгжлийн банк уламжлалт аргаар санхүүжилт олгохоос гадна ашигтай төсөлд хамтран болон дамжуулан зээл олгож байгаа. Гадаадын санхүүгийн байгууллага хөнгөлөлттэй эх үүсвэрээр манайд тоног төхөөрөмж нийлүүлбэл бид түүнийг нь сонирхсон аж ахуйн нэгжүүдэд лизингээр зээлж болно. Манай тоног төхөөрөмжийн лизингийн компани харьцангуй сүүлд байгуулагдсан. Гэхдээ амжилттай ажиллаж байна. Уул уурхай, хөдөө аж ахуй, тээврийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлээд эхэлсэн. Цаашдаа түлш, эрчим хүч зэрэг бусад салбарт тоног төхөөрөмж нийлүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Урт хугацаанд хөрөнгө оруулж, өгөөжөө хүртэхийг хүсэж байгаа бол манай хөрөнгө оруулалтын санд мөнгөө өгч, ногдол ашгаар өгөөж хүртэх боломжтой. Ийм үйлчилгээ хүрэх сувгийг нээхийн тулд хөрөнгө оруулалтын сан маань бэлэн байх ёстой. Хөрөнгө оруулалтын сан олон улсын стандарт, дүрэм, журамд нийцсэн байх хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч үр өгөөжөө хэрхэн, яаж хүртэх нь ойлгомжтой байх ёстой гэсэн үг. Хэрхэн өгөөж хүртэх нь ойлгомжтой байж л хөрөнгө оруулагч мөнгөө хийнэ. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр АНУ-ын туршлагатай зөвлөхүүдийг ажиллуулж байна. Сан маань уул уурхай, аж үйлдвэрийн салбарт түлхүү санхүүжилт хийнэ. Үүний зэрэгцээ экологийн цэвэр бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй гэх мэт тухайлсан салбарт хөрөнгө оруулалт хийх байх. Хөрөнгө оруулалтын ийм суваг, боломжуудыг Монгол Улс нээж өгснөөр гадаадаас мөнгө татна. Манай банкны үүрэг бол худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эдийн засаг руугаа чиглүүлэх бүх механизмыг бүрдүүлэх юм.
-Гадаадын Экспорт, импортын банкууд танайхтай хамтарч ажиллах, дамжуулан санхүүжилт хийх сонирхолтой байна уу?
-Мэдээж бий. Улс орнууд эдийн засгаа дэмжихийн тулд Экспорт, импортын банк байгуулдаг. Цаашлаад тэр банк нь улсынхаа гадаад худалдааг дэмжиж ажилладаг. Манай улсын хувьд эхний ээлжинд дотоодод үйлдвэрлэж чадаж байгаа зүйлдээ санхүүжилт хийх нь зүй ёсны хэрэг. Эхлээд дотоодын эдийн засгаа дэмждэг бусдын жишгээр явж байна гэсэн үг. Манай улсын уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч гэсэн гол салбарт гадаадын хөрөнгө оруулалт, шинэ технологи хэрэгтэй. Манай эдийн засгийн гол салбаруудад аль улсын технологи илүү тохиромжтой байна, түүнийг нь тухайн орны Эксим банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжуулан зээлэх боломжийг манайх эрэлхийлэн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, манай аль нэг аж ахуйн нэгж тухайн орны технологиор төслөө хэрэгжүүлэх боломжтой гээд тодорхойлчихвол, бид тэр улсын Экспорт, импортын банкинд нээсэн шугмаа ашиглаад, төслийг дэмжих бололцоо ерөнхийдөө бүрдсэн. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ын Экспорт, импортын банкинд зээлийн шугам нээчихээд байна. Гуравдагч орнуудынхтай ч нээсэн тохиолдол бий. Манай хөнгөн үйлдвэрийн салбарынхан Европын холбооны улсуудаас тоног төхөөрөмжийн зээл авах шугам нээлттэй.
-Хөгжлийн банкнаас санхүүжилт хүссэн төсөл хэр олон байна вэ?
-Бидэнд хандсан төсөл олон. Гэхдээ Хөгжлийн банкны тухай хуулийн таван шаардлагыг хангасан төсөл цөөн байна. Хуулийн шаардлагыг 100 хувь хангаж байж манайхаас санхүүжилт авах учиртай. ТЭЗҮ байхгүй, эсвэл байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, барьцаа хөрөнгө, батлан даалтгүй төсөл санхүүжүүлбэл манай үйл ажиллагаа бишдэнэ. Хөгжлийн зээл олгох үүрэгтэй ч, Хөгжлийн банк нөгөөтэйгүүр ашгийн төлөө байгууллага. Манай шалгуур нэлээд өндөр. Мөн манайх хуулийн дагуу нийт зээлийнхээ 60-аас доошгүй хувийг экспортын төсөлд олгох учиртай. Үүнээс гадна импортыг орлох ажлын байр шинээр бий болгох төслийг санхүүжүүлдэг. Тэгэхээр шалгуур хангахаас гадна нэгдүгээрт экспортын, хоёрдугаарт импортыг орлох төслийг санхүүжүүлдэг гэж ойлгох хэрэгтэй. Манайх энэ онд экспортолдог бүтээгдэхүүний хэмжээг өсгөх, түүний боловсруулалтыг нэмэх чиглэлд нэлээд санхүүжилт хийсэн. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад технологи, төхөөрөмжөө шинэчлэх, улмаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зээл олголоо. Хөнгөн үйлдвэрүүд түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулах тоног төхөөрөмжийн дутагдалтай байгаа. Тоног төхөөрөмжийнх нь хүчин чадлыг өсгөж, нэмэгдсэн өртөг шингээхэд нь дэмжсэн гэсэн үг. Хүчин чадлаа нэмэгдүүлчихээр түүхий эд авах шаардлага компаниудад үүснэ. Тэгэхээр нь түүхий эдээ тасралтгүй татаж авах эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Мөн уул уурхайн салбарт төмрийн хүдэр баяжуулах, ган боловсруулах, алт олборлох төслүүдийг санхүүжилтээр дэмжлээ. Алт бол Монгол Улсын экспортын нэг гол бүтээгдэхүүн төдийгүй валютын нөөцийн нэлээд хувийг бүрдүүлдэг металл. Хөгжлийн банк өнгөрсөн жил шороон ордоос алт олборлож буй компаниудыг санхүүжилтээр нэлээд дэмжсэн. Тэгвэл энэ жил үндсэн ордоос алт олборлож байгаа төслүүдийг дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ санхүүжилт хийхдээ ямар арга механизм ашиглахаа тодорхойлох ёстой. Үндсэн ордоос алт олборлохын тулд гадаадаас нэлээд тоног төхөөрөмж импортлох шаардлагатай байдаг. Мөн байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр үйл ажиллагаа явуулах шаардлага зүй ёсоор тавигдана. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр экологид сөрөг нөлөөгүй нь тодорхой болбол тухай төслийг дэмжих бололцоотой. Эдийн засгийн үр ашигтай байлаа гэхэд байгаль орчинд сөрөг нөлөөтэй бол манайх санхүүжүүлэхгүй. Цаашлаад 20-30 жилийн хугацаатай эх үүсвэр шаардвал манайд санхүүжүүлэх боломж байхгүй. Тэгэхээр манай бололцоо, төслийн хугацаа хоёр нийцэж байх хэрэгтэй юм. Тархиндаа буулгасан санааг нэг хуудас цаасанд багтааж бичихийг төсөл гэхгүй. Банкны санхүүжилт авах хэмжээний судалгаа, тооцоо, үндэслэлтэй байх хэрэгтэй. Бид шалгуурынхаа талаар байнга мэдээлэл өгдөг. Ер нь ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагуудыг ч чадавхжуулах хэрэгтэй нь анзаарагдсан. Ингэвэл манай шалгуурыг хангах төсөл олон болно.
-Төслүүдийн дийлэнх нь барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байгаа гэж сонссон.
-Барьцаа баталгааны шаардлага хангахгүй байх тохиолдол бий. Манайх барьцаа баталгааны 90 хүртэл хувьд зээл олгодог. Хэдийгээр эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ч барьцаа хөрөнгө, батлан даалт нь хүрэлцэхгүй байвал хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулж, санхүүжилт хийгээд эрсдэлээ хувааж үүрээд цааш явах боломж бий. Ийм бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана. Ер нь хувиасаа сохор зоос ч гаргахгүйгээр манай банкнаас олон тэрбум төгрөгийн зээл аваад төсөл хэрэгжүүлнэ гэж байхгүй.
-Хөгжлийн банкны тухай хуульд ямар нэг байдлаар заавал хамтарсан санхүүжилт хийх ёстойг тусгасан санагдаж байна.
-Тийм. Гадаадын хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагатай дандаа хамтарч санхүүжилт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн төслийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч ашигтай гэсэн итгэл үнэмшилтэй байгаа тохиолдолд нэмж санхүүжилт хий гэсэн санаа юм. Нөгөөтэйгүүр төслийн эрсдэлийг хамтран үүрч буй хэлбэр.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ НЭГ АЛХАМ ХИЙЛЭЭ
Д.Дэлгэрсайхан (Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга бөгөөд ерөнхий эдийн засагч)
-“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хуралдааны ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-“Их түмэн санаачилга”-ыг 1995 оноос хойш хэрэгжүүлж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт багтаж буй Зүүн хойд Азийг хөгжүүлэх ганц санаачилга энэ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын далбаан дор явдаг ажил гэж ойлгож болно. Санаачилгын хүрээнд худалдаа, аялал жуулчлал, дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэл гэх мэт салбарт хөрөнгө оруулахыг уриалдаг. Эдгээр салбарт санхүүжилт хийх гол байгууллага нь тухайн улсын Экспорт, импортын банк. Манай улсад Экспорт, импортын банк байдаггүй. Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийт санхүүжилтийнхээ 60-аас доошгүй хувийг экспортын төсөлд олгох заалт тусгасан. Ингэснээр Хөгжлийн банк давхар экспортын банкны үүрэг гүйцэтгээд эхэлсэн гэсэн үг. Тиймээс “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хурлыг манай банк тэргүүлэн зохион байгуулж байна. Манайх “Их түмэн санаачилга” хөтөлбөрт БНХАУ, ОХУ, БНСУ-тай хамт багтдаг. БНХАУ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг эдийн засагтай улс. Нөгөө хоёр нь дэлхийд эхний 10-т багтдаг. Тиймээс том эдийн засагтай улсуудад хөрөнгө оруулалтын орчин, боломжуудаа танилцуулж буй нь чухал ач холбогдолтой.
-Энэ хөтөлбөрт багтдаг орнууд манайд хөрөнгө оруулах найдвар хэр бол?
-Манайд хөрөнгө оруулж, хамтарч ажиллаж ирсэн туршлагатай орнууд. Тэгэхээр хүлээлт бий. Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Үүнийг хэрэгжүүлэхэд олон тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай. “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хуралдааныг зохион байгуулж, хэрэгжүүлэхээр зэхэж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулан, боломжуудаа дуулгах нь хөрөнгө оруулалт татах нэг алхам гэж харж байна. Мэдээж тодорхой үр дүн гараасай гэж хүсэж, хүлээж байгаа.
-Манай Хөгжлийн банк ч гадаадын Экспорт, импортын банкуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломжтой шүү дээ.
-Бүрэн боломж бий. Шинэ хууль эрх зүйн орчны дагуу манай банктай төслийн санхүүжилт, лизингийн зээл, сангаар дамжуулан хөрөнгө оруулалт хийх боломж үүссэн. Хөгжлийн банк ч “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах боломжуудаа хуралд оролцогчдод танилцууллаа.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин