Монгол улсын Хөгжлийн банк, Внешэконом банктай “САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ”-нд гарын үсэг зурлаа
“Монгол-Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээ 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн санаачилгаар “Монгол Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт” өнөөдөр Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдаж байна. Тус уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ОХУ-ын Газпром банкны Улаанбааатар дахь төлөөлөгчийн газрын дарга В.А.Кислов нар нээж үг хэллээ.
Энэ үеэр хоёр улсын банк санхүүгийн байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд Монгол улсын Хөгжлийн банк болон ОХУ-ын Внешэконом банкны хооронд “Санхүүжилтийн гэрээ”-нд гарын үсэг зурсан бол Ди Би Эм Лизинг ХХК болон Внешэконом банкны хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” үзэглэлээ.
Уулзалтын үдээс өмнөх хурлаар Монгол улсын засгийн газрын 3 тулгуурт хөгжлийн бодлого, төсөлд суурилсан хөрөнгө оруулалтын орчин, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын боломж, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг танилцуулж, Олон улсын хөгжлийн банкуудын экспортыг дэмжих боломж, ОХУ-ын Экспортын төв, Орос-Монголын гадаад эдийн засгийн төслүүдийг дэмжих санхүүгийн хэрэгслүүд, хоёр улсын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл хэлэлцүүлж байна.
Хуралдааныг Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Монгол банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар удирдан явуулж байна.
Энэ үеэр Монгол улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Монгол улс дахь төсөлд суурилсан хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт илтгэл тавив.
Тэрбээр “Монгол Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалтаар шинэ төсөл хөтөлбөрүүдэд оролцох бололцоог нээж өгч байгаагаараа ихээхэн давуу талтай. Урд өмнө бүх санхүүгийн байгууллага нэг дор уулзаж байгаагүй бөгөөд энэ удаагийн уулзалтаар Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэх, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг эрчимжүүлж, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх томоохон боломж гарч ирж байна.
Монгол улс уул уурхайн салбараас гадна дэд бүтцийн салбаруудтай цаашид хамтран ажиллах бололцоо байна. Тухайлбал Орос улсаар дамжиж Хятадын зах зээл дээр гарах, Хятадаас Орос руу транзитын чиглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар банк санхүүгийн байгууллагууд, Оросын тал мэдээлэл авснаар төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт хийсний дараа ямар байгууллагуудтай хамтран ажиллах бололцоог олж харж байна. Зөвхөн Монгол улсын Хөгжлийн банк гэлтгүй бусад санхүүгийн байгуулагууд, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө авчирах, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх бололцоотой.
Монгол улсаас ОХУ-руу гарч байгаа экспортын хувьд тодорхой хүндрэлүүд бий. Гэхдээ энэ уулзалтаар экспортын болон бусад хүндрэлтэй байгаа асуудлуудаа гаргаж тавьсанаар ОХУ-ын холбогдох албаны хүмүүс хуулинд өөрчлөлт оруулах, цаашид худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээг авах боломжтой гэж харж байна” хэмээлээ.
Тус уулзалтын үр дүнд хоёр тал хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэх, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг эрчимжүүлж, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, банк хоорондын цаашдын хамтын ажиллагааг улам илүү өндөр түвшинд гаргах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог болохыг оролцогчид дүгнэлээ.