Эдвард Сүрэн, Төрийн банкинд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно
2013 оны долоодугаар сард “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгаж актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэх замаар харилцагч, хадгаламж эзэмшигч нарын мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалсан байдаг. Уг үйл явдлын дараа Алтангийн хүү Эдвард Сүрэн Хадгаламж банкны гаргасан баталгааг үндэслэж “Жаст групп” ХХК-д 32,8 сая ам.долларыг зээлдүүлсэн гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс “Жаст групп” ХХК-ийг Э.Сүрэнгээс зээлдсэн мөнгөө төлөх, төлөхгүй бол баталгаа гаргасан Төрийн банкаар төлүүлэх шийдвэр гаргасан. Шүүх тухайн хэрэгт Хадгаламж банкны Эрх хүлээн авагчийг татан оролцуулаагүйн улмаас актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж Төрийн банкнаас Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Уг шийдвэр болон Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архивт хадгалагдаж байсан хэд хэдэн ноцтой баримтыг үндэслэж Э.Сүрэнгийн гаргасан баримтууд хуурамч гэж үзэж Төрийн банкны зүгээс Шинээр илэрсэн байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан ч өнөөг хэр нь шүүхээр эцэслэгдээгүй бөгөөд олон нийтийн анхаарлын төвд байна.
Энэхүү шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны 14.00 цагт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүх хуралд хүрэлцэн ирсэн Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл, "Жаст" группийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүхээс хуралдааныг энэ сарын 3-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү шүүх хурал маргааш буюу 2018 оны дөрөвдүгээр сар 3-ны-д 09.00 цагт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. Шударга ёсыг эрхэмлэгч шүүх маргааныг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.