Д.Сугар: Төрийн банк 12,4 тэрбумын ашигтай ажилласан
Г.Алтангийн хүү Эдвард Сүрэн Төрийн банкнаас 51 тэрбум төгрөгийг хууль бусаар нэхэмжлээд байгаа тухай эх сурвалжууд сүүлийн үед мэдээллэх болсон . Энэ талаар Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас дараах асуултанд тайлбар авлаа.
-Төрийн банк Эдвард Сүрэнд их хэмжээний төлбөр төлөх маргаан шүүхийн шатанд явна. Хэрвээ шүүхээс Төрийн банк төлбөр төлөх ёстой гэж үзвэл танай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үү?
-Ер нь бол энэ цэвэр залилангийн шинжтэй үйлдэл болсон тухай Төрийн банкны Ерөнхий захирал хангалттай мэдээлэлтэй ярилцлага өгсөн. Тэгэхээр Төрийн банк энэ мөнгийг төлөх учиргүй. 2018 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Эдвард Сүрэнд Төрийн банкнаас мөнгө гаргуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэдгийг тогтоосон шийдвэр гаргасан.
Төрийн банк нь өнгөрсөн онд 12,4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан 2,3 их наяд төгрөгийн активтай, Монгол улсын Топ 4-н банкны нэг. Монгол банкнаас тогтоож өгсөн бүхий л шалгуур үзүүлэлтийг давуулсан үзүүлэлттэй ажиллаж байгаа. Энэ нь Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болох “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа”-ны үзүүлэлт 25 хувь байхаас 36.75 хувь, “Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа”-ны үзүүлэлтийг 14.0 хувь байхаас 18.44 хувьтай ажиллаж байгаа. Энэхүү үзүүлэлт нь юуг илэрхийлж байна вэ гэвэл Төрийн банк Монголын банкууд дотроосоо хамгийн эрсдэлгүй түвшинд байгаа гэдгийг харуулж байгаа юм. Энэ утгаараа Төрийн банкны харилцагчдын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байна.
- Шүүхийн шийдвэр гарсан, банк хүндрэлд орж болзошгүй талаар мэдээллийг нэр бүхий гишүүд ярьсан. Одоо тэгэхээр танай банк шүүхийн шийдвэрээр ЭдвардСүрэнд яг хичнээн төгрөг төлөх вэ?
-Би нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Өнөөдрийн байдлаар Төрийн банк ямар нэгэн төлбөрт унаагүй, цаашид ч унах үндэслэл байхгүй. Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Эдвард Сүрэнд Хадгаламж банкны гаргаж өгсөн баталгааны гэрээ хуурамч байж магадгүй хэмээн хардаж байгаагаа мэдэгдсэн ба энэ нь Төрийн банкыг хүнд байдалд оруулж болзошгүй гэсэн байсан.
Миний харж байгаагаар дээрх гишүүд тухайн гэрээ хууль бус байх магадлалтай ба шүүхийн шийдвэр буруу гарах вий гэдэгт сэрэмжилж байгаа хэрэг гэж үзэж байна. Шүүхийн энэ асуудлыг шүүхийн шийдвэртэй нь шүүгчтэй нь хамт АТГ шалгаж байгаа юм.
- Ард иргэдийн дунд төр муу менежер гэсэн ойлголт байдаг. Төрийн банкны менежментийн хувьд шүүмжлэлтэй хандах хүмүүс олон байдаг. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлээч.
-Төрийн өмчид байгаа бүхэн муу байдаггүй гэдэг нь өнгөрсөн оны банкны ашигт ажиллагаанаас харагдаж байгаа гэж бодож байна. 2018 оны 1-р сард Төрийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс банкны менежментийг сайжруулах үүднээс банкны менежментийн удирдлагын 70 орчим захирлыг 40 болгож цөөлсөн бөгөөд Захирлуудыг сонгон шалгаруулахдаа банк санхүүгийн системд ажиллсан туршлага ур чадвар, мэргэжлийг харгалзаж удирдлагын багийг томилсон. Өөрөөр хэлбэл өмнөхөөс цөөн хүнтэй бүтцээр илүү үр өгөөжтэй ажиллахаар зорилт тавьсан байгаа. Тиймээс бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, цаг үетэй нийлүүлэн илүү хөгжүүлэх, банкны ашигт ажиллагаа болон шалгуур үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх тал дээр системтэй бодлого боловсруулан ажиллаж байгаа. Тиймээс харилцагчиддаа хандаж хэлэхэд Төрийн банк бол Ард түмний банк, Монголын банк. Энэ банкны олж буй 1 төгрөгний ашиг бүр Монгол улсад үлдэнэ. Манай удирдлагын баг үүний төлөө ажиллаж байгаа.