Банкууд “Хуримлах“ уу, төсвөөс дахин хөрөнгөжүүлэхийг хүлээх үү
Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоохоор шийдвэрлэсэн.
Банкны хувь нийлүүлсэн өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгож өсгөснөөр системийн хэмжээнд нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 3.3 их наяд төгрөг байгаа нь 2013 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Гэвч банкны системийн актив, татан төвлөрүүлсэн хөрөнгийн өсөлттэй харьцуулахад банкны хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө нь банкны үйл ажиллагааны өсөлтөөс хоцорч байгаа гэж Монголбанк онцолжээ.
Өмнө нь 2011 онд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум төгрөгөөр тогтоосон нь ийнхүү зургаа дахин өсөөд байгаа бөгөөд үр дүнд нь банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн томоохон зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг тухайн банк бие даан санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайханы хэлснээр бол “Активын чанарын үнэлгээнд хийсэн шалгалтын дүнгээр ойролцоогоор ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдалтай, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай” гарчээ. Шалгалтын дүнд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж дуустал банкны салбар эрүүл үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлагыг банкуудад тавьсан бөгөөд ирэх гуравдугаар сард багтаан банкууд бизнес төлөвлөгөө болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө Монголбанкинд ирүүлэхээр болжээ.
Хэдийгээр банкууд эсэн мэнд байгаа гэдэг дохиог төв банк өгч байгаа боловч шалгалтын цаана тийм ч сэтгэл хангалуун үлдэхээргүй асуудал хоцорсон гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Тэдгээрт есөн сарын хугацаанд зөв “оношилгоо, эмчилгээ” хийж илаарьшихыг ерөөх нь зүйтэй биз ээ.
Эргэн санахад, одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 оны гуравдугаар сард банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг дөрвөн тэрбум төгрөг байсныг найман тэрбум болгох шийдвэр гарсан. Дараа нь долоон жилийн өмнө буюу 2011 оны наадмын өмнөхөн Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч арилжааны банкуудын эздийг хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд 16 тэрбум болгохоор шийдвэрлэснийг 2011 оны долоодугаар сарын 20-ны өдөр “зарлаж” байв. Энэ нь өмнөхөөсөө мөн л хоёр дахин нэмэгдүүлсэн дүн байлаа.
Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн А-58 тоот тушаалаар арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөг §айхаар шинэчлэн тогтоосон. Ийнхүү анх 1991 онд 50 сая төгрөгөөр тогтоосон арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ эдүгээ 27 жилийн дотор 100 тэрбум хүртэлх босгыг давж яваа юм.
Одоогийн байдлаар манай арилжааны 13 банк энэ оны эхний сард нийлбэр дүнгээрээ 64.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу эдийн засаг 1.3 хувиар агшиж байсан 2009 оноос хойш анх удаа үлэмж алдагдалтай ажилласан нь энэ. Гэвч арилжааны банкуудын нийт өөрийн хөрөнгө 2017 онд 217 тэрбум төгрөгөөр өссөн, эрсдэл даах чадвар нь нэмэгдсэн зэрэг нь хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сангийн хэмжээг нэмсний үр дүн юм.
Тэртээ 2006 оны хавар тухайн үеийн Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрэнпүрэв өдөр тутмын сонинд “Монгол шиг зах зээл бага, хүн ам цөөтэй улсад олон банктай байх шаардлагагүй. Арилжааны 17 банк гэдэг бол томдсон тоо. Ердөө 3-5 банк байх нь зөв" гэчихсэн нь тухайн үедээ л дуулиан тарьж байв. Тэр үед ч мөн л 8 тэрбумын босго өндөрдөж байна гэсэн хэл ам дагуулж, 17 банкнаас найм нь л дээрх тогтоосон дүрмийн санг хангаж ажиллаж байв. Мөн “Интер”, “Капитрон” банкууд нэгдэж найман тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байлаа.
Үнэхээр эдийн засгийнхаа бодит салбар, зах зээлийн эрэлт хэрэгцээгээ тооцоод, өргөжиж томрох гэдэг утгаараа банкууд нэгдэж байвал харин ч зөв зүйтэй хэрэг гэдгийг өнөөдөр хүлээн зөвшөөрөх биз ээ. Харин тийм "нэгдэл” дотор луйвар цохиж явах вий, юун дотор юу боогоод өгчхөв, тусгай зөвшөөрлөө Монголбанкинд хүлээлгэж өгч байна уу үгүй юу гэдгийг нь сайтар хяначихвал олон банк хадгаламжаа булаалдаж зодолдохын оронд харин ч найдвартай чамбай болно. Тэгээд ч хаашдаа жам ёсоороо орж ирж таарах гадны банкуудтай ч хэл амаа ойлголцоход амар байх болов уу. тэр зөвөө гэж хэлнэ.
Харин зах зээлд үүссэн байдлыг захиргааны болон бусад ямар нэг аргаар хязгаарлах гээд байгаа явдлыг ойлгож ойшооход амаргүй ч “улс төр хийдэг” хүмүүс санасандаа хүрч “зээлийн хүүгийн доод хэмжээ” тогтоолоо гэхэд олон нийт яаж ч чадахгүй. Тиймээс бараг нэгэнтээ тэгж “захиргаадаад” хаа хүртэл явахаа үзэж хашраад авах цаг нь болсон байж мэдэх юм. Гэхдээ хохирол нь чамлахааргүй билээ. Учир нь Монголын эдийн засгийн онцлог гэж бий. Буруу арга хэрэглээд сүйрсэн жишээ нь хангалттай байна. Ямартай ч зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь хуулиар шийдвэрлэхээр асуудлыг нээлттэй орхилоо.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр, 2017 оны 12 сарын байдлаар арилжааны банкуудын нийт актив хөрөнгийн хэмжээ 28.7 их наяд төгрөг байгаа нь өмнө нь байгаагүй дээд хэмжээ. Энэ үзүүлэлт 2016 онд 25.3 байсан бөгөөд энэ онд ч өсөлт үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлж буй. Активийн өсөлтийн бүтцийн гол өөрчлөлтийн бүтцийн шинж чанарыг харвал арилжааны банкууд дахь ТБҮЦ 2015 онд 576.9 тэрбум байсан бол 2017 онд 3.4 их наяд болж өсжээ. Нийт зээл 12.1 их наядаас 13.3 их наяд төгрөг болж өссөн байгаа юм.
Монголбанк банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх 9 сарын хугацаа өгч, тавьсан шаардлагыг нь 2018 оны 12 дугаар сард бүрэн хангасан байхыг үүрэгдлээ. Үүний цаана ОУВС-гийн Монгол дахь Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтл “Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барих шаардлагатай.
Батлах ажил хүлээгдэж байна. Энэ нь олон улсын шилдэг туршлагын дагуу төсвийн хөрөнгийг ямар тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэхэд ашиглаж болох, ашиглах шаардлагатай вэ гэдгийг тодорхой зохицуулах хууль болохыг онилсон. Энэ хуулийн төсөл хаана яваа нь тодорхойгүй, тэр тусмаа ямар тохиолдолд төсвийнхөө хөрөнгөөр банкуудаа “дахин хөрөнгөжүүлж” зузаатгах вэ гэдэг бүр ч их анхаарал татаж байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"