“Хөрөнгө оруулалтын сан” байгуулна
Монгол Улсын Их Хурал Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 оны 10 дугаар сард баталсан бөгөөд цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс эдийн засгийн үр ашигтай хөгжлийн санхүүжилт хийх “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай зөвлөмж болгосон тул Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажлыг эхлүүлэхэд эхний ээлжинд Засгийн газар тус санд Хөгжлийн банкаар дамжуулан хөрөнгө оруулах урьдчилсан шийдвэр гаргах шаардлагатай гэж үзжээ. Энэ шийдвэрийн үндсэн дээр анхдагч хөрөнгө оруулагчаар оролцуулж болох олон улсын хөгжлийн банкуудтай яриа хэлэлцээг эхлүүлэх юм. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын санд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээтэй адил дүнг бусад хөрөнгө оруулагч нар оруулах бөгөөд санг үүсгэн байгуулах үйл явц 3 сар орчим үргэлжилнэ гэж тооцоолж байна.
Хөрөнгө оруулалтын санг байгуулснаар Засгийн газраас оруулсан хөрөнгийн дүнг хөшүүрэг болгон ашиглаж бусад хөрөнгө оруулагч, хөгжлийн банкнаас хамгийн багадаа 5 дахин их хэмжээтэй тэнцэхүйц хөрөнгийг босгох боломжтой. Мөн хөрөнгийг зээлээр бус хөрөнгө оруулалт хэлбэрээр татах учраас өрийн таазны хувьд дарамт учрахгүй, ам.долларын дотогш чиглэсэн урсгал орж ирэх учраас төгрөгийн ханш чангарна, бүтээн байгуулалтын төслүүд санхүүжилтийн эх үүсвэртэй болно, санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бүрэлдэх боломж нээгдэнэ зэрэг олон эерэг үр дүн гарна.
Засгийн газрын хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын сан” үүсгэн байгуулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Эхний үе шатны ажлын хэрэгжилтийн үр дүнд олон улсын санхүүгийн байгууллагын санхүүгийн амлалтын хэмжээ 200 сая ам.долларын хэмжээнд хүрсэн тохиолдолд Засгийн газарт танилцуулж, санхүүгийн амлалтыг хэрэгжүүлэх эх үүсвэрийг батлуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.