Монгол Улсын Хөгжлийн банк ам.долларын бонд гаргана
Монгол Улсын Хөгжлийн банк ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор бонд гаргах асуудлаар Хонгконгт банкнуудтай хэлэлцээ хийж байгаа гэсэн мэдээллийг ойрын эх сурвалж өгч байна. Мөн энэхүү бондод Засгийн газар баталгаа гаргахгүй байж магадгүй байна. Хөгжлийн банкны хувьд эргэн төлөлт хийгдээгүй ам.долларын бонд байхгүй ч 2019 оны наймдугаар сард хугацаа нь дуусах 270 сая ам.долларын зээлтэй байгаа ажээ. “Moody's” агентлаг энэ оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээ “CAA1” байсныг “B3” болгон Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд өсгөсөн юм. Тус банк энэ онд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслүүдийг хөдөө аж, ахуй, уул уурхай, эрчим хүч дэмжсэн салбаруудад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 2017 оны эцэст банкны балансаа цэвэрлэж, нэг их наяд төгрөгийн зээл, өр төлбөр барагдуулсан талаар тус банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр мэдээлсэн юм. Мөн Хөгжлийн банк дэргэдээ тусгай зориулалтын хоёр компани байгуулаад байгаа аж. Үүний нэг нь уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарт лизингийн үйл ажиллагаа явуулна. 2018 онд богино болон дунд хугацаанд өгөөжөө өгөх төслүүдэд түлхүү ажиллаж байна гэж Хөгжлийн банк мэдээллээ. Эхний ээлжид ноолуурын салбарын дотоодод боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, бусад экспортын боломжуудыг дэмжихэд анхаарч байгаа ажээ. Тухайлбал, “Эрэл” компанийн бүрэн автомат байшин үйлдвэрлэх үйлдвэр 2017 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн бөгөөд Хөгжлийн банк энэ төсөлд 93.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Эх сурвалж: bloombergtv.mn
|