Монгол Улсын Засгийн газрыг АЗИЙН ШИЛДЭГ хөрөнгө босгогчоор тодрууллаа

2018 оны 2 сарын 01

Arslan.mn

 Азидаа хамгийн нэр хүндтэй санхүүгийн мэдээллийн “Finance Asia” сэтгүүлийн 2017 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслол Хонг-Конгод зохион байгуулагдлаа. Монгол улс энэхүү нэр хүндтэй шагналыг анх удаа гардан авсан нь эдийн засгаа эргэн сэргээж буйгаа олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний илэрхийлэл болж байгаа юм. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг татахад энэхүү шагнал чухал ач холбогдолтойн дээр Монгол Улсын Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхэн ч гадны зах зээлээс ахин хөрөнгө оруулалт татахад эрсдэл буурч, хүү хямдрах нөхцөл бүрдэж байна.

“Finance Asia” сэтгүүлийн шагнал нь хөрөнгө оруулагчдын хувьд дараачийн бизнесийн хамтын ажиллагааг нь чиглүүлэгч луужин болдог учраас тус шагналын эздийг тодруулах ёслол ихээхэн хүлээлт өндөртэй байдаг. Гадаад зах зээлээс босгосон бондынхоо чансаагаар БНСУ, Малайз, Сингапур зэрэг улсуудтай зэрэгцэн Монгол улсын Хуралдай бонд “Монголын шилдэг хэлцэл” –ээр тодорлоо. 2017 оны хавар гаргасан Хуралдай бонд нь Монголын эдийн засаг хамгийн хүнд нөхцөлтэй, олон улсад рейтинг нь унасан, өрийн дарамттай, хөрөнгө оруулагчдын итгэл хамгийн доогуур байх үед амжилттай босгогдсон бонд гэдгээрээ ийнхүү олон улсын анхаарлыг татаж байгаа юм.       

“Файнанс Эйша” сэтгүүлээс Монгол Улсын Засгийн газрыг “Азийн шилдэг хөрөнгө босгогч” –оор тодрууллаа. Ийнхүү гадаад зах зээлд Монголын Засгийн газрын рейтинг өсч, нэр хүнд сайжирч байгаа нь Монгол Улсын эдийн засаг сайжирч байгааг олон улсад албан ёсоор зарлаж байгаагийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монголыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлж байна.   2016 оны 3 сард гаргаж байсан Мазаалай бондтой харьцуулахад бондын хүү 2 дахин буурсан бол харин хөрөнгө оруулагчдын Монголын бондыг худалдан авах эрэлт хүсэлт бараг 8 дахин нэмэгдсэн байгаа нь Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд сэргэснийг илэрхийлж байгаа юм.

Ийнхүү Монгол улс “Finance Asia” сэтгүүлийн нэр хүндтэй 2 шагналыг анх удаа нэгэн зэрэг гардан авлаа. Олон улсын валютын сантай хамтран ажиллаж, эдийн засгаа сэргээх бодлогын шийдлийг амжилттай хэрэгжүүлсэн Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Чойжилсүрэн шагнал гардан авсныхаа дараагаар Файнанс Эйша сэтгүүлд ярилцлага өглөө. Монгол Улсын эдийн засгийн онцлог, хямралыг сөрөх бодлого, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн сайжирч байгааг ярилцлагад түлхүү онцоллоо. Файнанс Эйша сэтгүүл нь Англи, Хятад хэл дээр хэвлэгддэг, Европ, Америк тивд ч олон сая уншигчтай, Азийн санхүү эдийн засгийн мэдээллийн хамгийн хүчирхэг суваг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53267
1 эможи
keyboard_arrow_up