“Export Mongolia-2018” форум ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ эрхлэгчдийг дэлхийд гаргах боломжийг олгож байна
Уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр, хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий “Export Mongolia-2018” форум өнөөдөр Corporate hotel event hall-д эхэллээ.
Чуулганд Гадаад харилцааны яам, Монгол улсын Хөгжлийн банк, Европын Сэргээн босголт Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй экспортыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагууд оролцож, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэлхийд гарах боломжийн талаар санал солилцож, үндэсний тэргүүлэгч компаниуд гадны зах зээлд гарсан арга туршлагаасаа хуваалцаж байна.
Энэхүү форумыг нээж ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Дэд захирал Т.Батцэцэг болон Монгол улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр нар үг хэлсэн юм.
Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Хөгжлийн банкнаас 154 тэрбум төгрөгийг экспортод тэнцсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Төсөл хөтөлбөрүүдийн хувьд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж түүний дотор мал аж ахуй, хүнс гэсэн салбаруудад санхүүжүүлэлт олгосон. Цаашдаа экспортыг дэмжсэн, экспортын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд Монгол улсын Хөгжлийн банк санхүүжилтийг нь бэлэн гаргана.
Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд болон банкуудад тулгарч байгаа асуудал гэвэл шаардлага хангасан техник эдийн засгийн үндэслэл дутмаг байдаг. Техник эдийн засгийн тооцоог харж байгаад бидний зүгээс санхүүжүүлэх эсэхээ шийддэг. Яг ямар бүтээгдэхүүнийг хэнд зориулж, хэдэн ширхэгийг гаргах вэ, худалдааны ямар сүлжээ ашиглах вэ гэсэн шаардлагуудыг аж ахуй нэгжүүд дутуу боловсруулж, төслийг хэрэгжүүлэх ур чадвар дутмаг байна. Иймэрхүү дутагдлууд байдаг учраас бүх төслийг санхүүжүүлж чадахгүй байх тохиолдлууд гарч байна.” хэмээлээ.
Мөн олон улсын болон дотоодын санхүүжүүлэгч байгууллагууд экспортыг дэмжих санхүүгийн гарц шийдлүүдийг танилцуулсан бөгөөд экспортын боломж, гадаад зах зээл болон экспортын нэгдсэн сүлжээг бий болгох чухал гэдгээ онцлож байлаа.
Өнөөдрийн форум нь эскпортын талаар төрөөс баримталж буй бодлого, үйлдвэрлэл эрхлэгчдийн тэргүүн туршлага, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, экспортын баримжаатай үйлдвэрлэлийн санхүүжилт зэрэг мэдээллүүдийг нэг дороос авч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, тэр дундаа экспортод гарч буй компаниудад олгож байгаагаараа ихээхэн онцлогтой аж.