ХААН БАНКИНД итгэх арга байна уу
Хаан банк дахиад л иргэний дансан дахь мөнгийг “алдсан” бололтой.Ер нь ч байнга л ийм маягаар хүмүүс мөнгөө алддаг тухай мэдээлэл гардаг. Одоо технологи хөгжөөд хүмүүс интернэт, мобайл банктай болсон. Гэхдээ өөрийн дансыг харахад заримдаа ч хэтэрхий олон гүйлгээ хийгдээд, янз бүрийн утгаар өдөр болгон 50, 100 төгрөг суутгасан байдаг. Мэдээж тун сайхан “тодорхой” утгатай ч, үнэндээ яг яасан гэж ингэж мөнгө аваад байгааг нь мэдэлгүй өнөөг хүрсэн гэхэд болно.
Нөгөөтэйгүүр нэг удаад 50 төгрөг гээд харахад араас нь хөөцөлдөхөөргүй бага дүн юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ монголчуудын ихэнх нь Хаан банкинд данстай, түүгээрээ дамжуулж гүйлгээ хийдэг гэхээр энэ олон хүн тус бүрийн 50 төгрөг, тэгээд өдөр бүр шахам гэхээр нэлээд их тоо гарахаар маягтай юм билээ.
Ингээд харахад, банкууд иргэдээс яаж ийгээд мөнгө саачихдаг байх нь. Гэхдээ энэ үйлдлийг нь орхиё гэхэд ямар ч шалтгаангүйгээр хүний данснаас их хэмжээний мөнгө ор сураггүй алга болоод, тэрийгээ эргүүлж авах гэсэн хүмүүс өдөр бүр банкны менежер, цагдаагийн үүдийг сахисаар эцэстээ хохирогч болоод дуусдаг зуршил бараг тогтжээ. Үүнийг дараах жишээгээр тайлбарлая
ЖИШЭЭ 1. Фейсбүүкийн холбоосоор мэдээллээ алдсан нэгэн эмэгтэй “Миний нэг таньдаг хүн фейсбүүкээр над руу хандаж “Чиний тухай муухай мэдээлэл гарсан байна” гээд линк өгсөн. Түүгээр нь ороход ФБ нууц үгээ өгөх хэрэгтэй гэсэн байсан. Гэтэл тэр нь Арабын аялал жуулчлалын компанийн вэб хуудас байсан. Би гайхаад танилдаа энэ талаар бичихэд “Өө, андуурсан байна” гэхээс өөр хариу бичээгүй. Тэгээд л цагийн дараа миний ХААН банкны данснаас мөнгө гарсан. Миний хамгийн ихээр гайхаж байгаа юм гэвэл хэдийгээр миний ФБ нууц үгийг авсан ч гэлээ банкны данс, гүйлгээний нууцлалыг яаж мэдсэн байх вэ. ХААН банк харилцагчийнхаа мэдээллийг алдчихсан юм биш биз дээ гэж хардаж байна. Би маш олон удаа банкинд очдог ч хүлээн авч уулзах мэргэжилтэн байдаггүй. Тэр ч бүү хэл, миний мөнгийг авсан газар нь тодорхой байхад хэлж өгдөггүй” гэж ярьсан бичлэг нь олон нийтэд тархсан.
ЖИШЭЭ 2. Анука ... гэх нэртэй хэрэглэгч мөн ХААН банкин дахь данснаасаа хоёр сая төгрөг алдсан тухайгаа фейсбүүкт нийтэлж байсан. Тэрбээр энэ тухай гомдол саналаа банкинд гаргаад тусыг эс олсон гэж байлаа.
ЖИШЭЭ 3. Өнгөрсөн оны сүүлээр Ц.Батзул гэх иргэн “Хоёр жилийн өмнө манай аавын данснаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 100 мянган төгрөг гарсан. Одоог хүртэл энэ асуудлыг шийдүүлж чадаагүй байна” гэж бичсэн.
ЖИШЭЭ 4. Мөн Дөлгөөн гэх нэртэй нэгэн бүсгүй “Би сарын өмнө 600 мянган төгрөгөө алдсан. Гүйлгээний утга нь ЕВ гэж байна лээ. Одоог хүртэл заргалдсаар байгаа. Ямар ч шийд гараагүй л байна” гэсэн.
ЖИШЭЭ 5. 2016 онд "Хаан банк"-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон байна. Энэ тухайгаа тэрбээр банкинд мэдүүлэхэд “Бид мэдэхгүй, цагдаад ханд” гэж хэлээд бараг л хөөж явуулсан гэдэг.
Жишээ 6. 2014 онд Дижитал хамтлагийн дуучин Эрка "Миний данснаас мөнгө алга болоод байгаа юм шиг санагдахаар нь интернетээр дансаа шалгадаг болсон. Тэгсэн хоёр сарын дотор хоёр удаа миний данснаас мөнгө авсан байгаа юм. Эхнийх нь 800 мянгыг шууд өөр хүний данс руу шилжүүлчихсэн бол дараа нь 450 мянгыг тэтгэвэрийн зээл гээд авчихсан байсан. Дансаа байнга шалгахгүй бол алж мэдэхээр юм байна лээ, энэ Хаан банк. Миний мэдэж байгаа нь энэ урд нь мэдэхгүй байхад их л авсан байх даа" хэмээн бичиж байсан.
ЖИШЭЭ 7. 2011 онд иргэн Т.Мөнхнаран хэвлэлд ярилцлага өгч “2008 оны есдүгээр сарын 11-ний өдөр данснаас 10.5 сая төгрөгийг миний гарын үсгийг дуурайлган теллер нь авчихсан. Мөн есдүгээр сарын 15-ны өдөр 33 сая, 16-ны өдөр 55 сая төгрөг нийт 98.5 сая төгрөгийг ХААН банкны теллер гаргасан байсан” гэдгийг мэдэгдсэн.
ЖИШЭЭ 8.2014 онд ХААН банкны 6-р Бичил хороолол дахь салбарын теллер Баярцэцэг нэгэн харилцагчийн данснаас 350 мянган төгрөгийг С.Катя гэгчид гаргаж өгсөн байдаг.
Нэг иймэрхүү. Эдгээр жишээг түүхдээ дандаа их тоотойгоос нь онцоллоо. Тэрнээс биш 10, 20 мянган төгрөг бол бүр байнга алдагддаг шинжтэй юм билээ. Хүмүүсийн бичсэн поост, сэтгэгдлийг хараад баталгаа, нотолгоогүй учраас худлаа байх гэж харддаг ч одоо хүмүүс дансныхаа хуулгыг цуг нийтэлдэг болсон. Тэндээс нь харахад яах аргагүй л ЕВ гэх мэт тодорхойгүй утгагүй гүйлгээ олноор хийгдсэн байх аж.
Ер нь Хаан банкны хяналтын систем сул байдгаас тэр үү луйварчид эдний дансыг ашиглах нь олон. Тухайлбал, Хас банкны Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгчээр ажиллаж байсан Б гэх залуу 2015 онд харилцагчдын мөнгөнөөс 57 сая төгрөг халаасалж амжсан байна. Тэрбээр банкны үндсэн систем рүү холбогддог программ руу интернэт банкнаас ирсэн мэтээр харагдах хуурамч гүйлгээний мессеж илгээн, харилцагчийн данснаас мөнгийг нь шилжүүлж, Хаан банкин дахь өөрийн 50......66 тоот данс руу 2.8 сая төгрөг шилжүүлсэн нь амжилттай болжээ. Мөн танилуудынхаа Хаан банкны данс руу мөнгө хийж, гаргах замаар луйвар хийж байсныг илрүүлсэн.
Үүнээс гадна, 2012 онд Хаан банкны бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг гарсан. Гэтэл Украйн, Малайз, Сингапурын иргэд үйлдсэн болохыг тогтоожээ. Тэд яагаад Монголыг сонирхох болов, ямар аргаар мөнгө завшсан болохыг албаны эх сурвалжаас тодруулахад, “ Хуурамч карт ашиглан мөнгө завшсан хэрэгт Украйны гурав, Сингапур, Малайзаас ирсэн тус бүр гурван иргэнийг саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэдэг мэдээлэл өгч байв. Хамгийн гол нь, хэрэгтнүүд Монгол дахь банкуудын хяналт, нууцлалыг нэлээд хугацаанд судалсны дүнд ийм хэрэг үйлдсэн гэдэг.
Хаан банкны тухайд Монгол Улсад хамгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгийнхээ хэмжээгээр ч тэргүүлэгчдийн нэг. Гэхдээ Хаан банкны АТМ ажиллахгүй, сүлжээ нь байнга унадаг, эвдэрдэг гэх гомдол тасардаггүй. Ингээд харахад, Хаан банкны найдвартай, итгэлтэй, аюулгүй гээд байдаг нь асуудал ихтэй гэж хардлага өөрийн эрхгүй төрөхөөр.
Хамгийн сүүлд гэхэд жүжигчин, дуучин Л.Сөрөлт өөрийн сошиал хуудсаараа дамжуулан Хаан банкны задарсан, даварсан үйлдэлтэй холбоотой зүйлсийг нийтлээд байна.
Тэрбээр “Зүв зүгээр сууж байтал данснаас 576 000 төгрөг гараад явчихлаа. Гүйлгээний утга EB Banana гээд. Одоо яадгийн болоо. “Байна уу” дууны клипээ хийлгэх гээд хэдэн төгрөг цуглуулж ядаж байсан юмсан. Шэйр хийж олон хүнд мэдэгдсэн нь дээр байх аа, манайхаан” гэж фейсбүүк хуудсандаа бичсэн. Түүнээс энэ тухай лавлахад, мөнгө нь Улаанбаатар хотын банкны нэгэн данс руу орсон байна гэхээс өөр хариу өгөөгүй, хохирлыг нь ч барагдуулаагүй байгаа ажээ.
Хамгийн ноцтой нь, Б.Саруул хэмээх нэгэн иргэн “Хаан банк ийм асуудал их гаргах юмаа. Карт өөрт явж байхад картнаас 50 уншигдаад гараад мессеж ирж байсан. Тэгээд хэлтэл хоёр хоноод буцаад 50 орж ирсэн. Ийм асуудал ойрын 2-3 хүнд тохиолдсон шүү” гэж бичжээ. Тэгэхээр Хаан банк нэг бол найдваргүй, хакерууд шууд халдаж болохоор системтэй. Эсвэл өөрсдөө харилцагчийнхаа мэдээллийг тарааж, мөнгө хумсалдаг байж таарах уу..
"НИЙГМИЙН ШУУДАН" сонин