Хөгжлийн банкны санхүүжилтээр эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов
Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлага Эрчим хүчний сайд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж Хөгжлийн банкны санхүүжилтээр эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал солилцож хамтарсан ажлын хэсэг байгуулав.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр эрчим хүчний салбарт 50 орчим төсөл арга хэмжээнд зориулан 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд эдгээр төслүүдийн хэрэгжилтийн талаар болон цаашид Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцав.
Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах, шинэ эх үүсвэрүүдийг бий болгох нь салбарын эрхэм зорилго гэдгийг илэрхийлээд Монгол Улсын Хөгжлийн банкинд судлагдаж буй төслүүдийг анхаарах, ялангуяа усны эх үүсвэрийг ашиглах төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Тус арга хэмжээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Сугар болон МУХБ-ны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Төслийн хөгжил хариуцсан зөвлөх Д.Бадарч, “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн захирал О.Гэрэлмаа, “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн захирал С.Цэрэндаш, Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Мөнхтулга болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.