“Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүн”-ээр МУХБ-ны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг шалгарууллаа
“Алтан сарнай” наадмын 17 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын 2017 оны "ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН"-ээр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал ноён Б.Батбаярыг тодрууллаа.
Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооноос ёслол төгөлдөр зохион байгуулдаг тус наадмаар нийгэм, эдийн засаг, урлаг спортын салбарт бахдам амжилт гаргасан оны онцлох эрхмүүдийг алдаршуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн “Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүн”-ээр шалгарсан ноён Б.Батбаярын хувьд эдийн засгийн тогтвортой өсөлт, тэргүүлэх салбарыг дэмжигч бодлогын банк Монгол улсын хөгжлийн банкыг өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд удирдлагын багтайгаа хамтран амжилттай удирджээ. 2017 он тус банкны хувьд эдийн засгийн уналтыг зогсоон тогтворжуулсан, зарчмын хувьд эрс шинэчлэл хийж чадсан их ололт амжилтын он байсныг ийнхүү онцолсон байна.
Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулагч тус байгууллага 2017 онд эрх зүйн орчны шинэчлэлт хийж шинэчлэн батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, дүрэмтэй уялдуулан үйл ажиллагааны бодлого, журмуудыг шинэчлэн боловсруулж мөрдөн ажиллажээ.
Монгол Улсын Хөгжлийн банк 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийт зээлийн багцын 26.7 хувь нь хэвийн ангилалтай байсан бол 2017 оны 12 дугаар сард тус үзүүлэлт 70.1 хувьд хүрч сайжирсан байна. Түүнчлэн, анхаарал хандуулах зээлийн багцыг 59.3 хувиас 18.5 хувь хүртэл бууруулж, энэ онд зээлийн хүү, үндсэн төлбөрт нийт 1 их наяд орчим төгрөгийг эргэн төлүүлсэн байна.
МУХБ-ны хувьд жилийн хугацаанд банкны санхүүгийн байдлыг тогтворжуулах гол арга хэмжээнүүдийг авч гадаад талд хуримтлагдсан өр төлбөрийг дахин санхүүжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж,энэ оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын зах зээлээс татсан 580 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг дахин санхүүжүүлэх арга хэмжээг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Олон улсын хөрөнгийн болон санхүүгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн эргэн төлөлтийг цаг тухайд нь гүйцэтгэж нийт 750 орчим сая ам.долларыг төлж олон улсын зах зээл дээр найдвартай байдлыг ханган ажиллаж улсын гадаад нэр хүндийг өсгөжээ. Үүнийг дагаад Монгол Улсаас гадны зах зээлд гаргаж буй санхүүгийн хэрэгслүүдийн үнэ цэнэ сайжирч, хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн байна. Гаднаас шинэ эх үүсвэр болох 106.5 сая ам.долларыг татан төвлөрүүлж, Беларусийн Хөгжлийн банкнаас 300 сая ам долларын зээлийн шугам нээгээд байгаа бөгөөд дээрх эх үүсвэрүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны шинэчилсэн хуулийн дагуу Засгийн газрын баталгаа, оролцоогүй бие даан татан төвлөрүүлсэн бөгөөд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хязгаарлалттай нийцүүлэн олон улсын бусад санхүүгийн байгууллагуудаас эх үүсвэр татах хэлэлцээрүүд мөн амжилттай хийгдэж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.2-т Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгасан байдаг. 2017 онд 7 салбарт олгосон зээлийн 67 хувь нь экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр буюу боловсруулах үйлдвэрлэлд 46%, хөдөө аж ахуйд 18%, уул уурхайд 13%, барилгад 9%, арилжааны банкаар дамжуулан олгосон зээлд 6%, эрүүл мэнд, нийгмийн халамжид 6%, эрчим хүчний салбарт 1% -ийг тус тус олгожээ.Цаашид үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах бэлтгэл ажлуудаа хангаад байна. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, газрын тосны үйлдвэр, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, ТЭЦ-4-ийн өргөтгөл зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж дэмжиж ажиллахаар төлөвлөжээ.
МУХБ үйл ажиллагаагаа өргөжүүлж тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх “Ди Би Эм Лизинг” ХХК, хөрөнгө оруулалтын сан байгуулах зорилготой “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-иудыг байгуулж, үндэсний хэмжээнд зохион байгуулагдах “Атрын-III аян”-ны хүрээнд “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж Оросын Холбооны Улсын Эксим банкнаас 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10.0 сая ам.долларын зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нийт 131 ААН, иргэнд 282 ширхэг техник, тоног төхөөрөмжийг дамжуулах түрээсээр олгоод байгаа юм.
2016 оны эцсийн байдлаар 191.7 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байсан тус банкыг шинэ удирдлагын баг авч ажиллуулснаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 42.51 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллуулсан байна.