Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд 27 жил болсон ч зээлийн хүүгийн түвшин хэт өндөр хэвээр байна
Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилжээ.
ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ
Тэрбээр "Банкнуудын олгож байгаа зээлийн хүүгийн хувь хэмжээ, зээл нь арилжааны зарчим зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй нийцэж байна уу үгүй юу гээд олон асуудал бий. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд 27 жил болж буй боловч зээлийн хүүгийн түвшин хэт өндөр хэвээр байна.
Зарим нь зээлийг зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хүрээнд зохицуулагдах ёстой гэж ярьдаг. Зөвхөн нэг талдаа ашигтай байдлаар банк санхүүгийн үйл ажиллагааг явуулж байна.
Баялаг бүтээгчдэд тулгарч байгаа хамгийн гол зүйл бол банк санхүү, зээлийн дарамт байгаа юм. Нөхцөл байдал нэгэнт ийм байхад мянган гоё үгээр уриалаад нэмэр байхгүй. Парламентын засаглалтай улс оронд эрх зүйн үүрэг бүхий зохицуулалт хийх байнгын ажиллагаатай парламент ажилладаг.
Банк санхүүгийн тохиролцоо, зээлийн хүүгийн олголт, хувь хэмжээг тогтоож байгаа байдал дээр анхаарал тавих цаг болсон. Энэ асуудалд цаашид төрийн зохицуулалт хэрэгтэй. Эрэлт нийлүүлэлт гэдэг хоёр үгтэйгээр бид цаашид явах боломжгүй боллоо.
Аливаа гэрээ хэлэлцлийг хоёр талын харилцан ашигтай нөхцөл байдал тулгуурлаж хийдэг. Тэгвэл өнөөдөр нэг талын эрх ашгийг буюу банк санхүүгийн байгууллагын монополь байдал дээр тулгуурлаж, аж ахуйн нэгж, иргэдийг хохироож болохгүй.
Тиймээс төрөөс зохицуулалт хийж зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөх шаардлагатай байна. Бид Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн ажлын хэсгийг байгуулсан" гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс зээлийн хүүг бууруулах шаардлага, боломж, үндэслэл зээлийн өндөр хүүг хязгаарлах дэлхийн улс орнуудын туршлага зэрэг асуудлыг хөндлөө.
Энэ талаар Эдийн засагч Н.Дашзэвэг "Манай улс дэлхий дээрх хамгийн өндөр зээлийн хүүтэй орон болжээ. Монголбанкны cap бүр гаргадаг статистик мэдээллээр 2017 оны 10 дугаар сарын байдлаар зээлийн хүүгийн дундаж түвшин 19.9 хувь байна.
Монголын санхүүгийн зэх зээлд мөнгө хүүлж, хэт өндөр ашиг олдог олигополь тогтолцоо бүрджээ. Бага хүүтэй зээлийг оруулж тооцож буй нь дундаж хүүг нилээд багасгаж харуулахад хүргэж байгаа юм. Харин зээлийн шимтгэл гэж авдаг 1 хувийг оруулбал зээлийн хүүгийн дундаж 20.9 хувь болно.
2016 оны байдлаар ХААН, ХХБ, Голомт, Хас банкны төгрөгийн зээлд эзлэх хувийн жин 80.2 хувь гарч байна. Дэлхийн жишгээр бол нийт зах зээлд 4 том тоглогчийн эзлэх хувийн жин 80-100 хуьд байвал олигополиос монопольд шилжих зах зээл гэж нэрлэдэг. Ийм зах зээл дээрх үнийг төр зохицуулах дүрэмтэй байдаг.
Хадгаламжийн хүүг дэлхийн дундаж жишиг рүү ойртуулах стратеги барих ёстой. Эхний шатанд инфляц дээр 4-5 хувийг нэмж төрөөс нэгдсэн журмаар дээд хязгаарыг тогтооё" гэв.
ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГААГИЙН ШАЛТГААН
Зээлийн марж буюу хадгаламжийн хүү дээр нэмж буй хувь их өндөр байна. Хэрвээ банкууд тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгосон бол зээлийн марж 2 хувь болж хамгийн бага нь болж байна. Эдгээр тоонуудаас харахад банкуудын марж маш ерөнхийгээр 13 орчим хувьтай байна. Энэ маржуудыг банкуудын хэлдэгчлэн 6 хувыай болгох буюу 2 дахин буулгах замаар зээлийн хүүг буулгах боломжтой гэж бид үзэж байна.
Хадгаламжийн хүү инфляциас харьцангуй их өндөр. 2017 онд инфляц 7 орчим хувтай, ирэх 2-3 жилд 8 орчим хувьтай байхаар Монголбанкны мөнгөний бодлогод туссан байхад Төрийн банк 7 хоногийн өмнө хадгаламжийн хүүгээ 15.6 хувь болгож өсгөснөө зарлаж байна.
Банкуудын зардал өндөр байна. Өндөр цалин бүхий жижиг банкууд ч томоохон ашигтай ажиллаж буй нь тэдний харьцангуй өндөр зардал ч бүрэн нөхөгдөж буйг харуулж байгаа юм.
Банкууд хадгаламжийн хугацаа, хэмжээнээс хамааруулж хадгаламжийн хүүг 4-5 хувийн ялгаатай тогтоож болно гэж хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.
Мөн банкууд хадгаламж эзэмшигчдээ ашгаасаа зардал гаргаж, зардлаа хэмнэж, бүтээмжээ дээшлүүлэх замаар урамшууллын механизм бий болгож, жишээ нь сугалаагаар урамшуулах гэх мэт өрсөлдөөн өрнүүлж болох талаар санал солилцлоо.
2017 оны 9- р сарын статистик мэдээнээс харвал банкуудын зээлийн хүү дараах байдалтай байна.
Автомашин барьцаалсан зээлийг бодит өртгөөр нь тооцоход 47.5 хувьтай байна
“100 сая төгрөг хүртэлх дүнтэй бичил бизнесийн зээлийн” статистикийг сонирхвол:
Төгрөгийн зээлийн хувьд 20-36 хувьтай, дундажлавал 28 хувьтай.
Ам долларын зээлийн хувьд 18-21.6 хувыай, дундажлавал 19.8 хувьтай байна.
Цалингийн зээлийн хүүгийн дундажийг нь тооцвол 25.3 хувьтай байгаа.
Орон сууц, хашаа байшин барьцаалсан зээлийн дундажийг нь тооцвол 23 хувтай байна
Шинэ машин худалдан авах зээлийн хүү дундажаар 26.5 хувьтай байна
Тэтгэврийн зээл 18 хувьтай байна
Банк бус санхүүгийн байгууллагын зээл жилийн 41 хувийн хүүтэй байна. Тухайлбал ломбардын зээлийн хүүгийн хувьд гар утас барьцаалсан зээлийн хүү 7-10 хоногт 7-8 хувь байдаг аж.
Хэт өндөр зээлийн хүүг авч үзвэл, нэг сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай авсан зээлдэгч өдөр бүр 44 мянган төгрөг төлөх ёстой. Бага хэмжээний мөнгийг банкнаас бусад газраас авах нь илүү амар байдаг тухай иргэд хэлж байсан юм.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХЯЗГААРЛАЖ БУЙ ДЭЛХИЙН ТУРШЛАГА
Улс болгон зээлийн хүүгийн ямар түвшинг менгө хүүлэлт гэж үздэг вэ гэдэг дээр нэгдсэн тоо тогтоогүй байна.
Япон улс 1954 онд мөнгө хүүлэлтийг хязгаарлах тухай хууль гарч зээлийн хүү 20 хувиас дээш байвал мөнгө хүүлэлт гэж үзжээ. АНУ-д зээлийн хүүгийн дээд хязгаарыг муж болгоноор ялгаатай тогтоосон байна. Жишээ нь Арканзас муж улсад хэрэглэгчид олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг 17 хувиар тогтоосон бол Колорадо мужид энэ хязгаар 12 хувьтай байна.
Манай эдийн засгийн гол түнш, мөнхийн хөрш ОХУ, БНХАУ -д санхүүгийн салбарын гол тоглогч нь төрийн банкууд бөгөөд зээлийн хүүг тэд тогтоодог байна.
Өөрөөр хэлбэл, төр шууд тогтоож байна гэж үзэж болох юм. УИХ-ын Судалгааны хэлтсээс 2017 онд бэлтгэсэн “Гадаадын зарим орны мөнгө хүүлэлтийн эсрэг эрх зүйн орчин гэсэн судалгааны 3 материалыг голлон ашиглаж дэлхийн орнуудад Зээлийн өндөр хүүг хэрхэн хязгаарлаж, хүүгийн дээд хязгаар буюу таазыг хэрхэн тогтоож ирсэн талаар эдийн засагчид судалсан байна.
Дэлхий дээр 76 улс зээлийн хүүгийн дээд хязгаарыг зээлийн төрөл, хэмжээ, хугацаанаас хамааруулж ялгаатай.
Үүнээс 28 улсад тогтмол нэрлэсэн хувь тогтоосон, 32 улсад харьцангуй буюу хүүгийн дундаж түвшин, суурь хүүгээс хамааруулан хувьсаж байхаар тогтоосон байна. Жишээ нь Франц улсад зээлийн төрлөөс хамааруулж хүүгийн дээд хязгаарыг 5.72 -21.63 хувиар тогтоожээ.
Зээлийн хүүгийн дээд хязгаарыг Итали, Португал, Мальта улсад парламент, Франц, Бельги, Польш , Грек, Испани улсад Төв банк нь, Болгар, Ирланд улсад Засгийн газар нь, Герман улсад шүүх, Унгар, Чех улсад шүүх зарим төрлийн хүүгийн таазыг захиргаадан тогтоодог ажээ.
Хүүгийн хязгаарыг зарим оронд улирал, жилээр хянаж шинэчилж байхад, зарим оронд өөрчлөх хугацаа заагаагүй байна.
Зарим оронд хүүгийн хязгаарыг заасан хууль, зарим оронд мөнгө хүүлэлтийн зсрэг хууль, зарим оронд эрүүгийн болон иргэний хуулиар зохицуулалт хийдэг аж. Ихэнхи орон зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон хэвээр байгаа нь энэ зохицуулалт үр дүнтэй байгааг харуулж байна гэж эдийн засагч Н.Дашзэвэг хэлж байлаа.
Хүүгийн таазын зохистой хэмжээг олохгүй үр нөлөө нь сайнгүй байх нь ойлгомжтой юм Хүүгийн таазыг доогуур тогтоовол хууль бус зээл нэмэгдэхийг хэлэлцүүлэгт оролцогчид анхаарууллаа.
АНУ-д хүүгийн дээд хэмжээг тогтоосноор хадгаламж зээлийн хоршоодын зээлийн хүү буурахад нөлөөлсөн гэж дүгнэжээ.
МОНГОЛД ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХЯЗГААРЛАХ, БУУРУУЛАХ АРГА ЗАМУУД
Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн УИХ зээлийн хүүг нэг оронтой болгож, дэлхийн дундаж түвшинд хүртэл бууруулах стратеги боловсруулж хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.
Зээлийн хүүг бууруулах дараах стратеги, чиглэлийг санал болгож буй юм.
Үүнд:
Банкуудын хадгаламжийн хүү дээр нэмж буй марж буюу хувийг оновчтой тогтоох. Энэ хувийг Монголбанкны статистикаар жигнэсэн дундаж тооцоход дунджаар 6 хувь болж байна. Банкуудын үйл ажиллагааны ашгийг 10-20 хувиар ч гэдэг юмуу багасгаад тэр нь хүүг хэдэг хувиар багасгахад хүрэх вэ? гэсэн тооцоог хийх саналтай байна.
Хадгаламжийн хүүг үе шаттай бууруулах.
Банкуудын зардлыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, дагнаж хоршиж ажиллах, жижиг банкуудыг нэгтгэх,
Банкуудыг хувьцаат компани болгон нээлттэй болгож хувьцаагаар хүүгүй эх үүсвэр татах,
Банкуудын зээлийн эрсдлийн сангийн тодорхой хувийг бага хүүтэй зээлийн эх үүсвэр болгох,
Гадаадын банкийг тодорхой хязгаар, нөхцөл, хугацаатай оруулж турших,
Зээлийн хүүд хязгаар тогтоох асуудлыг бүх зээлийн хүүг цаашид нэмэхгүй болгож, зарим төрлийн зээлийн хүүд хязгаар тогтоох замаар эхлэх нь зүйтэй гэж өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байна.