“Bank of China”-ийн талаар ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
Монгол улсын эдийн засаг өсч, хөгжихийн хэрээр дэлхийн тэргүүлэх компаниуд, банк санхүүгийн байгууллагууд Монголд төлөөлөгчийн газар, салбараа нээсээр байна. Тэдний нэг болох Bank of China /ВОС/ Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээх хүсэлтээ Монголбанкинд өгчээ. Төв банкнаас хүсэлтийг нь судалж байгаа, хараахан шийдвэрлээгүй байгаа аж.
“Монголын эдийн засгийн чуулган 2014” чуулга уулзалтын үеэр бизнесийн лидерүүд “Гадаадын банкийг зах зээлдээ оруулах цаг нь болсон” гэдгийг онцолж байсан. Гэвч ийм санал банкны салбарынхнаас гарахгүй нь мэдээж. Бага хүүтэй, их хэмжээтэй зээл авах “мөрөөдөлтэй” хувийн хэвшлийнхнээс л оруулж ирэхийг дэмжиж байгаа юм. Тэгвэл манай улсад гадаадын дөрвөн банк Төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтээ Монголбанкинд уламжилжээ.
Ийнхүү гадны хөрөнгө оруулалттай том банкуудыг оруулж ирэх, эсэх нь УИХ-ын шийдэх асуудал болчихоод байгаа энэ үед харин эдийн засагчид оруулж ирэх нь элгээрээ мөлхчихөөд байгаа эдийн засгийн эргэлтийг идэвхжүүлэх, банк санхүүгийн салбарт санхүүгийн маш олон үйлчилгээг үзүүлэх нөлөөтэйгээс гадна арилжааны банкуудаа хамгаалах бодлогыг бариад Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллах нь ирээдүйтэй хэмээн үзэж байна.
Харин энэхүү гадны банк Монголын зэх зээлд үйл ажиллагаа явуулах асуудлын хүрээнд эдийн засагчид янз бүрийн байр суурьтай байна. Нэг хэсэг нь Гадны банк орж ирвэл дотооддоо өрсөлдөөн бий болно. Нөгөө хэсэг нь Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж хоёр талаас нь ярьж байгаа билээ. Тэгвэл энэ сэдийн хүрээнд хэн ямар байр суурьтай байгааг танд танилцуулъя.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Гадны банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно. цаашлаад арай гэж үйл ажиллагаа явуулж байсан банкуудыг сөхрүүлж магадгүй. Үүний оронд Монголын төр нэгдсэн бодлогоор банкны хүүг багасгах тогтолцоог зохицуулах нь илүү оновчтой болов уу. / Зууны мэдээ 2014.06.24/
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Салбар байгуулах тухай албан ёсны хүсэлт Монголбанкинд ирээгүй. Дэлхийн топ 50 банкны тавынх нь төлөөлөгчийн газар манайд бий. Монголын үнэт цаас, Засгийн газрын болон компаниудын үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргахад эдгээр банк идэвхтэй оролцдог. /2019.04.29 /
Монголд гадаадын банкны оруулж ирэх тухай ярих боллоо. Энэ нь Монголын эдийн засагт ямар ач тус авчирна вэ? Гэсэн асуултанд: Одоогоор банкны салбараа байгуулъя гэсэн албан ёсны хүсэлт ирээгүй байна. Хүсэлт нь ирвэл ямар нөлөөтэй байх нь вэ гэдгийг судална. Мөн хэр зэрэг нөлөөтэйг нь мэдэхгүй учраас хэлэх боломж алга. Тухайн банкны эерэг, сөрөг нөлөөллийг нь харж байж шийдвэр гаргна. /Зууны мэдээ тойм 2014.05.09 /
УИХ-ын гишүүн Д.Зоригт: Гадаадын банкны салбар байгуулах эрх зүйн орчин хангалттай бий. Сүүлийн үед “Bank of china”-ийн хувьд Засгийн газрын оролцоо давамгайлсан банк учраас давхар зохицуулалт шаарддаг. Засгийн газрын тусгай зөвшөөрөл шаардлагатай гэсэн үг. Бусдад нь Засгийн газрын зөшөөрөл байхгүй учир Монголбанкны ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг гаргах боломжтой.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Заавал Хятадын банк биш UBS эсвэл Сity банк байна уу гадаадын олон банкууд байгаа. Эдгээр банкуудыг оруулж ирэхгүй монголдоо банкаараа мөнгө хүүлээд ингээд сайхан амьдаръя гэж бодож байгаа бол гадаадын банкууд шиг хүүтэй байгаач гэдгийг бид шаардах ёстой. Өнөөдөр гадаадын банкууд орж ирэхгүйгээс болж Монголд жилийн хүү жирийн хүн дээр 17-26%-ийн хүүтэй байна.
Гадаадын банкууд орж ирэхгүй байна гэдэг бол бид эх оронч байгаагаараа чамд монгол банкуудад монгол банкны эздүүдэд маш өндөр хүү төлж бид өөрсдийгөө золиослоно гэсэн үг биш. Тэднийг оруулж ирэхгүй байя гэвэл би санал нэг байна. Тэгвэл тэднээс ч доогуур хэмжээний мөнгийг хямдхан монголчуудад худалдаачээ.
Та нар дэндүү увайгүй өндөр хүүтэй байна гэдгийг монгол банк, арилжааны банкныханд анхааруулъя. Ингэсэн тохиолдолд гадны банкуудыг оруулж ирэхгүй байх талаараа шийдвэр гаргах түвшний юмуу төрийн зохицуулалтуудыг хийх нь зөв."
Mongolian investment banking group-ийн Хятадын зах зээлийг хариуцсан санхүүгийн шинжээч Г.Наранчимэг: “Bank of china” монголд орж ирвэл системээс үүдэлтэй зөрчил л гарах эрсдэлтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадын банк санхүүгийн системд томоохон өөрчлөлтүүд гарсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компани дотооддоо үйл ажиллагаа явуулж байгааг эрсдэл гэж харж болохгүй байх. Гадаадын банкууд салбараа нээхэд үйл ажиллагааны дийлэнх хувийг тухайн орны мөнгөн тэмдэгтээр хийдэг туршлага байдаг. “Bank of china” хувьд ч мөн олон улс дахь салбарууд нь тухайн орын мөнгөн тэмдэгтээс гадна бусад валютыг ашиглан олон талт санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.
Иргэд: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Эрдэнэбат: Банкууд өрсөлдөх чадваргүй байгаа биш сонирхолгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Засгийн газрын найман хуувийн зээл хэдийгээр зөв санаа боловч эдийн засагт үзүүлж буй нөлөөл нь гажуудал үүсгэж байгаа юм. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөх хөшүүрэг болж байна. Санхүүгийн зах зээл хөгжихгүй байвал эдийн засаг агшина. Үүнд төрийн оролцоо, засгийн газар нь хувийн салбарт нөлөөлж байгаагаас харж болно. Банкны салбарын хувьд хаалттай байна. Арижлааны банкууд өрсөлдөх сонирхолгүй байгаагаас ломбард, мөнгө хүүлэгчид оршин тогтнох орон зайг бий болгосон гэж хардаг. /Зууны мэдээ 2015.05.12/
С.Дэмбэрэл: "Bank of China"-ийн салбар байгуулагдахгүй
Харин миний инээд хүрээд л сууж байна. Монголд одоогоор "Bank of China"-ийн бүртгэгдсэн салбар нь биш төлөөлөгчийн газар нь бүртгэгдсэн таван компани байгаа юм билээ. Хуулийн дагуу Монголбанкны ерөнхийлөгч гадаадын банкны салбар нээх эсэхийг шийдвэрлэдэг. Одоогоор Монголд салбараа байгуулах гэсэн аливаа улсын банк алга гэсэн тайлбарыг Монголбанк өгсөн. Гадаадын банкны салбар байгуулагдахдаа Монгол Улсын хуулиар тодорхой шалгууртай. Тодруулбал, дэлхийн 100 банкны нэгт орох, рейтингээрээ олон улсын зэрэглэлтэй байх зэрэг хуулиар тогтоосон шалгууртай. / news.mn 2014.06.24 /
Сэтгүүлч: “Bank of China”-г тойрсон болгоомжлол буюу “компанийн” банкнуудын өрсөлдөөн
Том зээл өгч чадах том банк орж ирэх нь Монголын эдийн засаг болон үндэсний компаниуд томрох, зээлийн дарамтад орохгүй байх ашигтай. Монголын эдийн засаг 2010 оноос хойш уул уурхайд тулгуурласан, гадаадаас мөнгө босгох ганц урсгалтай байлаа. Харин “Bank of China” орж ирснээр илүү ойртсон мөнгөний урсгалыг бий болгож байна. Ямартай ч хэл ам, дуулиан шуугиантайгаар Монголд төлөөлөгчийн газраа нээсэн “Bank of China” дуг нойрондоо дугжирч байсан Монголын банкны салбарыг хүйтэн усаар цацах мэт сэрээлээ. Харин одоо манай төв банк “зуун ямаанд жаран ухна” шиг олдсон арилжааны банкнуудаа олон улсын өрсөлдөөнд хэрхэн яаж бэлтгэх бол / Өнөөдөр 2014.06.24 /
Сэтгүүлч: Мөнгөний авдраар богтлох урд хөршийн бодлого биежээд эхэллээ
Хоёр жилийн өмнө манайд ажилласан, ажилгүй нь тодорхой биш, олон нийтэд ойлгомжгүй байгаагийн дээр “Туушин” компани ямар бичиг баримт бүрдүүлж хэзээ нь зээлийн хүсэлтээ өгөөд түүнийг нь хэний ямар эрх ашигт үйлчлээд хятад банк зээл олгохоор шилжүүлж авсан нь тодорхойгүй байна. Юутай ч Монгол улсын хэтэвчээр нь эзлэх гэсэн харийнхны санаа ийнхүү банкны төлөөлөгчийн газраа нээснээр хэрэгжих нь дамжиггүй боллоо. Юутай ч мөнгөнийхөө авдрын толгойг мэдүүлэх зам ийнхүү нээгдэж үндэсний гэгдэх арилжааны банкнуудаа харийн том банканд залгиулах ирээдүй мөдхөн бололтой. / Улс төрийн тойм 2014.06.26 /
Сэтгүүлч: Хятадын төрийн банканд найр тавих ашигтай юу
Хятадын банк манайд хаалгаа нээснээр эхний элжинд олж харах эрсдэл нь нэр бүхий хэдэн компани, хэд хэдэн төслийг л дэмжих магадлалтай. Учир нь арилжааны банкны жишгээр ажиллахгүй гэдгээ өнгөрөгч нэгдүгээр сард мэдэгдэж байв. Тэгэхээр Хятадын төрийн бодлогыг хэрэгжүүлэхүйц төслүүдийг түлхүү дэмжиж тэр хэрээр урд хөршийн ноёрхол манай улсад улам хүчирхэгжих сөрөг талыг хамгийн эхлээд харж болохоор. Тэгэхээр нялуунаас шулуухан хэлэхэд урд хөршийн төрийн бодлогоор хөдөлдөг тус банзны алсын хараанд манай улсын банк санхүүгийн түүх бүрэн эхээрээ гарт нь орох нөхцөл бүрдчихлээ. Тэгэхээр ХААН банканд манай бүх малчин, багш, эмч нар зээлийн барьцаанд байдаг гэдэгтэй агаар нэг амьдрал хөврөх нь ээ. Жамаараа яваа арилжааны банк, санхүүгийн байгууллагууд хөлд нь өртөөд зогсохгүй уул уурхай дээр түшиглэсэн хөгжил яригдаж эхэлж байгаа энэ үед ганыхан саалийнхаа савыг бэлдэж байна хэмээн хардах эрх чөлөөгөө эдэлье. / Өнөөдөр 2014.06.27 /