Зайлшгүй байх ёстой эрх мэдлийн хэлбэрүүд БАНКИНД төвлөрч байгаа
Эдийн засгийн Байнгын хорооноос өнөөдөр Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцүүлгийг Монголбанктай хамтран зохион байгууллаа. УИХ 11 дүгээр сарын 30-ны Пүрэв гарагт уг хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зээлийн хүү бууруулах асуудалтай хольж, гол өөрчлөлтүүдийг төдийлөн сайн ярьж чадахгүй байгааг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Жавхлан нар онцолж байв.
Тухайлбал Б.Жавхлан энэ талаар “Ерөнхий концепцийн хувьд сүүлийн арваад жил яригдаж байгаа гол өөрчлөлтүүдийг оруулсан байна лээ. Банкны тухай хууль 1990-ээд оноос хойш гурван удаагийн том хямралыг давж гарч байгаа юм. Тэр бүртээ шинэчлэгдээд, сайжраад явж байгаа. Энэ мөчлөгүүдэд Төв банкны оролцоо тухай бүртээ тестлэгдэж, зарим үед хүчин мөхөстөж байгаа нь харагддаг. Төв банкны оролцоо яагаад чанга байх ёстой юм бэ гэвэл банкны систем 22 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болсон. Үүний 10 хувь нь л банкны эздийн өмч. Үлдсэн 19 их наяд төгрөг нь ард иргэд, олон нийтийн хуримтлалын мөнгө. Тиймээс олон нийтийн хөрөнгийг хамгаалах шийдвэрийг Төв банк гаргадаг. Үүнийг илүү хүчтэй болгож буй өөрчлөлтүүд байна.
Нөгөө талаас банкны эздийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлсэн гол өөрчлөлт орсон байна гэж харсан. Гэтэл олон нийтийн дунд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох асуудал хүчтэй яригдаж байна. Дээд хязгаарыг нь тогтооно гэдэг Төв банкны зүгээс гаргасан агуулга биш. Харин хууль өргөн баригчдын зүгээс дагаж буй гурван хуулийн нэгэнд нь Төв банкнаас зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож болно гэж заасан байгаа. Энэ өгүүлбэр л улс төр хийх, популизм хийх шалтгаан болоод байна. Яг гол өөрчлөлт нь үүнд дарагдаад байгаа” гэдгийг онцолж байв.
Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат " Хуулийн төсөлд тусгагдсан гол өөрчлөлтүүдийн талаар гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Дөрвөн багцалсан асуудлын хүрээнд гол өөрчлөлтүүд орох юм. Үүнд
- Банкны эрсдэлд суурилсан хяналт шалгалт,
- Банкны зохистой засаглал,
- Банкны бүтцийн өөрчлөлтийг боловсронгуй болгох,
- Эрх зүйн хамгаалалт багтаж байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор Монголбанк өөртөө эрх үүрэг төвлөрүүлж байна гэсэн шүүмжлэл байна. Банкны системийн хэмжээнд авч үзвэл эрх мэдлийн төвлөрөл гэхээсээ илүү зайлшгүй байх ёстой эрх мэдлийн хэлбэрүүд байгаа” гэв.