ИПОТЕКИЙН зээлийн санхүүжилт ирэх онд 9 ТЭРБУМ орчим төгрөгөөр нэмэгдэнэ
2018 оны Төсвийн төсөлд тусгаснаар ирэх онд ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа билээ. Энэ нь зээлийн санхүүжилт энэ оноос төдийлөн нэмэгдэхгүйг харуулж байгаа юм. 2017 оны Төсвийн тодотголд 111 тэрбум төгрөг суулгаж байсан юм.
Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монголбанк зөвхөн бондын үндсэн төлбөрөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, купоны төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Засгийн газар хариуцаж байгаа аж.Өөрөөр хэлбэл сар бүр улсын төсвөөс ес орчим тэрбум төгрөг арилжааны банкнуудад шилжүүлж байгаа бол “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд”-ын үндсэн төлбөр болох 16 тэрбум төгрөгийг Монголбанк гаргаж байгаа юм. Ингэснээр сар бүр 25-35 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг арилжааны банкнуудад олгож байна. Олон Улсын Валютын Сантай тохиролцсоны дагуу ипотекийн зээлийн хөтөлбөрийг ирэх оноос Засгийн газарт бүрэн шилжүүлэхээр судалгааны ажлууд хийгдэж байгаа аж. Монголбанк санхүүгийн хувьд оролцохоо болих хэдий ч ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх талаар Засгийн газарт зөвлөмж өгч ажиллах юм.
Одоогоор ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрээд байгаа бөгөөд үүнээс 77 хувийг жилийн таван хувь болон найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээс бүрдүүлээд байгаа аж.
Харин банкнууд өөрийн эх үүсвэрээс нийт зээлийн үлдэгдлийн 20 хувийг санхүүжүүлээд байна. Есдүгээр сард л гэхэд 808 зээлдэгчид 49.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 92.6 мянгад хүрсэн байна. Эндээс харахад зээл олголт жилийн өмнөх мөн үеэс бараг хоёр дахин буурсан байна.