МХБ: 9 ХК-ийг нээлттэй хувьцаат компанийн бүртгэлээс хассан
2017 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн бирж есөн хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компанийн бүртгэлээс хасжээ. Хамгийн сүүлд буюу наймдугаар сард “Зоос гоёл” хувьцаат компани хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болсон байна.
Тус компани “Хувьцаат компани (ХК) байснаар Төр, засгаас компанийн нэр хүндийг өргөдөггүй. Мөн үйл ажиллагаа дэмжиж, татвар хураамжаас хөнгөлөх зэрэг урамшууллын хөшүүрэг байдаггүй. Түүнчлэн жилд дунджаар 50-60 сая төгрөгийг үйлчилгээний хөлс, хураамж гээд үр ашиггүй зарцуулдаг нь компанийн хэлбэрийг өөрчлөх үндсэн шалтгаан болсон” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн аравдугаар сард хоёр ч компани нээлттэй хувьцаат компани болсны нэг нь интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ явуулдаг “Ай Түүлс” ХХК байгаа юм. 2011 онд үүсгэн байгуулагдсан “Ай Түүлс” компани нийт 13.39 сая ширхэг хувьцааг тус бүр 100 төгрөгийн үнээр худалдахаар болжээ. Мөн “Анд энерги” компани нээлттэй хувьцаат компани боллоо. 2011 онд байгуулагдсан тус компани цахилгааны угсралт, суурилалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2014 онд лед гэрлийн "Эрдэнэт лед" үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. “Анд энерги” компани нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд арилжихаар төлөвлөсөн бөгөөд 26.54 сая ширхгийг тус бүрийг нь 60 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн байна.