МОНГОЛБАНК: Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 935.2 тэрбум төгрөг болсон
Арилжааны банкуудын зээлийн нийт үлдэгдэл наймдугаар сарын байдлаар 13.16 их наяд төгрөг болсон байна. Үүний 80 орчим хувийг төгрөгийн зээл бүрдүүлж байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 935.2 тэрбум төгрөг болжээ. Харин чанаргүй зээлийн хувь хэмжээ хамгийн их байгаа салбар нь уул уурхай, түүний дараа боловсруулах үйлдвэрлэлийн салбар орж байгаа юм. Зөвхөн долдугаар сарын үзүүлэлтээр л гэхэд нийт чанаргүй зээлийн 25 орчим хувь нь уул уурхайн салбарынх байсан.
Тэгвэл наймдугаар сарын байдлаар энэ салбарын зээлийн үлдэгдэл 911 гаруй тэрбум төгрөг болжээ. Харин хугацаа хэтэрсэн зээл нь 236.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тэр дундаа төрийн өмчит уул уурхайн компаниудын чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаа гэдгийг шинжээчид онцолж байна.
Үүнээс гадна хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас, ан агнуурын салбарын зээлийн үлдэгдэл 350.47 тэрбум төгрөг болсон байна. Энэ жилийн хувьд ган гачиг тохиосны улмаас ургацын гарц буурах хүлээлттэй байгаа нь тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж магадгүй юм. Мөн барилгын салбарын зээлийн үлдэгдэл өмнөх сарынхаасаа гурав орчим хувиар өсөж, 1.18 их наяд төгрөгт хүрчээ. Харин салбарын хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 247.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ямартай ч чанаргүй зээлийн хэмжээ ерөнхий дүнгээрээ өндөр байгаа нь банкны системийн доголдолтой холбоогүй, харин эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас ихээхэн хамаарч байгаа гэдгийг эдийн засагч Ч.Хашчулуун онцолсон юм.