Банкууд яагаад Amazon-оос болгоомжлох ёстой вэ?

2017 оны 8 сарын 11
Amazon-ыг үндэслэгч банкны салбарт хувьсгал хийх боломж байна. 1995 онд Amazon-д анхны ном зарагдсанаас хойш аливаа барааг интернетээр худалдаж авдаг бүхэл бүтэн үе бий болжээ. Эдүгээ Amazon цахим дэлгүүр найдвартай онлайн систем, төлбөрийн төвөггүй аргаар жижиг компаниудын бүтээгдэхүүнийг дэлхий даяар борлуулж байна. Ингэхдээ худалдагч, худалдан авагч хоёрыг шуурхай, үр дүнтэй холбодог.
 
Цахим дэлгүүрийн гол давуу тал нь гэрээсээ гаралгүй худалдан авах хийх бололцоог олгодог. Ийм нөхцөлд Macy's, JC Penney, Sears зэрэг худалдааны том сүлжээ дэлгүүр өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд бүх хүчээ дайчилж байгаа бол жижиг худалдааны төвүүд хаалгаа барьж байна. The Wall Street Journal-д бичсэнээр үүний нэг шалтгаан нь хэрэглэгчид долоо хоног бүр бөөнөөр нь бараа авахын тулд дэлгүүр зорихоо больж их ажлын хажуугаар түргэн худалдан авалт хийдэг болсон.
 
Энэ хэрэгцээг мэдэрч чадсан Amazon маш хурдан амжилт олж 2016 онд л гэхэд борлуулалт нь 22 хувиар өсч 136 тэрбум ам.доллар болжээ.
Amazon компанийн борлуулалтын орлого. 2004-2016. Эх сурвалж Amazon 
 
2016 оны 12 дугаар сард Amazon АНУ-ын Сиэттл хотод анхны офлайн дэлгүүрээ нээв. Энэ дэлгүүрт худалдагч, кассын машины аль нь ч байхгүй. Гэхдээ худалдан авагчдын үйлдлийг өөрөө уншдаг ухаалаг скайнерууд бий.
 
Энэ оны зургадугаар сард Amazon түүхэндээ томоохон хэлцэл байгуулж “Whole Foods” сүлжээг 13.7 тэрбум ам.доллараар худалдан авсан. Үүний дараа өрсөлдөгчдийн хувьцаа ахин унав.
 
Гэхдээ Amazon онлайн, офлайн худалдаагаар зогсохгүй бололтой. Тэрбумтан Безосын дараагийн зорилго нь банкны салбар. Энэ чиглэлд тэр цахим дэлгүүрийн нэгэн адил хувьсгал хийх бодолтой байна. Банкны уламжлалт үйллчилгээтэй харьцуулахад Безост маш том давуу тал бий.  
 
2008 оны санхүүгийн хямралаас хойш АНУ-ын банкууд жижиг бизнес эрхлэгчид зээл өгөхдөө хойрго болсон. Энэ нь төрийн зохицуулалт, өндөр эрсдлээс үүдэлтэй. Жижиг компанийн эзэн зээл авлаа ч өндөр хүү төлөх шаардлагатай.
 
Безос энэ боломжийг ашиглаж жижиг, дунд бизнест зээл олгох “Amazon Lending” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 12 сараас илүүгүй хугацаагаар 1000-750 000 ам.долларын зээл олгож байна. Amazon-аар зарагддаг барааны тал хувь нь жижиг компаниудын бүтээгдэхүүн учраас хөтөлбөр нүдээ олсон гэсэн үг.
 

 

Амазон агуулахын  ажилчин роботууд

Хамгийн сүүлийн судалгаагаар 2016 онд Amazon компани 20 000 бизнес эрхлэгчдэд нэг тэрбум ам.долларын зээл олгожээ. Харин 2011 оноос хойш гурван тэрбум ам.долларыг зээлдүүлсэн байна. Зээл авагчдын 50 хувь нь дахин ханддаг байна.
 
“BigCommerce” байгууллагын судалснаар жижиг дэлгүүрийн эздийн 73 хувь нь 2017 онд Amazon эсвэл eBay-тай хамтрах бодолтой байгаа аж. Түүнээс гадна Amazon-д дэлхийн 130 орны 300 сая хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл бий.
 
Цахим арилжааг банктай адил хатуу хянадаггүй нь Amazon-ы бас нэг давуу тал юм. Түүнээс гадна худалдагчдын тухай мэдээлэл, үйлчлүүлэгчдийн үлдээсэн сэтгэгдлийн сан байгаа нь зээлийн эрсдлийг бууруулна.  
 
Зээлийг зөвхөн Amazon-ы үйлчлүүлэгч компани авах эрхтэй. Ийнхүү нэг талаас Безос түншүүдийнхээ тоог нэмж, нөгөө талаас зээлийн хүүгээс орлого олно. Бас өөрийнх нь цахим дэлгүүрийг ашиглан бараагаа борлуулах компаниудад зээл олгосноор үндсэн орлогоо улам нэмэх боломжтой болно.
 
Тиймээс банкуудад болгоомжлох үндэслэл хангалттай бий. Банкны хувьд салбар байгуулахын тулд багагүй зардал гаргадаг. Энэ нь нэг талаас зээлийн өртгийг ихэсгэж, нөгөө талаас зээл авах хугацааг уртасгана. Өнөөдөр том банкны салбарт очихоос илүүтэй утсаараа зээлийн үйлчилгээ авах сонирхолтой хүн олон болсон.
 
Amazon нь худалдаа төдийгүй санхүүгийн зах зээлд хүчтэй тоглогч болох  магадлалтай. Учир нь цахим худалдаанд эргэлдэж буй мөнгөний хэмжээ том банк, төлбөрийн системээр дамжиж буй мөнгөний хэмжээтэй адилхан аж. Өөрийн үйлчлүүлэгчдэд зээл өгөх бодол Amazon-аас гадна PayPal, Square, eBay, Alibaba-д ч бий. Тэднээс хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Жек Магийн Alibaba.
 
Ойрын хугацаанд Google компани ч ийм үйлчилгээ санал болгохыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл энэ компанид олон зуун сая хэрэглэгчийн мэдээлэл бий. Цахим дэлгүүрийн системүүдийн хувьд зээлийн үйлчилгээ нь үндсэн үйлчилгээ биш ч ашигтай учраас банкуудад аюул авчрах магадлалтай. Гэхдээ хүмүүс тэднээс зээв авахад бэлэн ч мөнгөө хадгалуулахад хараахан бэлэн биш. Alibaba-гийн нэг давуу тал нь түүнд “Alipay” нэртэй өөрийн гэсэн төлбөрийн систем, Ant Financial хэмээх санхүүгийн хэлтэс байдаг бол Безост ийм зүйл байхгүй.

Amazon шинэ зах зээлд өрсөлдөж чадах эсэхийг цаг хугацаа харуулна. Ямартаа ч Безос цахим дэлгүүрээр үйл ажиллагаагаа хязгаарлахгүй бололтой. Тэрбумтан технологийн чиг хандлагыг соргогоор мэдэрч агуулахдаа роботууд ажиллуулж, хүргэлтийг дроноор хийлгэж, экологийн цэвэр бүтээгдэхүүнд хөрөнгө оруулсаар байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45876
0 эможи
keyboard_arrow_up