МОНГОЛБАНК: Нийт зээлийн 8.6 хувийг чанаргүй зээл эзэлж байна
Банкуудын нийт зээлийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын байдлаар 12.6 их наяд төгрөгт хүрснээс 80.6 хувь нь төгрөгөөр олгогджээ. Монголбанкны мэдээлснээр тайлант сард шинээр нэг их наяд төгрөгийн зээл олгогдсоны 80.2 хувь нь төгрөгийн зээл байна. Банкуудын олгосон нийт зээлийн найман хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.6 хувийг чанаргүй зээл бүрдүүлжээ. Чанаргүй зээлийн үзүүлэлтийг харвал уул уурхай, худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын зээл бусад салбартай харьцуулахад өндөр хувиар өссөн байна. Тухайлбал нийт чанаргүй зээлийн 25 хувь нь худалдаа, 20.9 хувь нь уул уурхай, 16.6 хувь нь боловсруулах салбарт ногдож байгаа юм. Тэр дундаа уул уурхайн салбар чанаргүй зээлээ "цэвэрлэж" чадахгүй байгаагаас нь гадна төсвийн орлого талаас нь харвал уул уурхайн салбар эмзэг хэвээр байгааг "Засгийн газрын мэдээ" сонины өнөөдрийн дугаарт онцолсон байна.
Үүнээс гадна Төв банкны мэдээлснээр хэвийн зээлийн үлдэгдлийн 59 хувийг 1-5 жилийн хугацаатай зээл, 22 хувийг тав ба түүнээс дээш жилийн хугацаатай зээл эзэлж байгаа бол 18.9 хувийг нэг жил хүртэлх зээл бүрдүүлж байна. Харин иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 19.2 хувь, хувийн хэвшилд олгосон зээл 3.9 хувиар өсжээ.